“Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн хүрээнд Японд 384 оюутан суралцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-11 08:42:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн хүрээнд Япон улсад суралцах оюутнуудыг үдэх ёслол энэ сарын 8-нд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд боллоо.


Ёслолд БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн удирдлагын газрын дарга Д.Балжинням, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака нар оролцлоо.


Энэхүү хөтөлбөрөөр ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэх чадварлаг боловсон хүчнийг Япон улсад суралцуулан, тэд эх орондоо буцаж ирснийхээ дараа өөрийн эзэмшсэн мэдлэг чадвараараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготой. Хөтөлбөрийг Монгол Улсад 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 384 оюутан Япон улсад  магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж Засгийн газрын холбогдох байгууллага, их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.


JDS хөтөлбөрийн 21 дахь ээлжээр Япон Улсад суралцах оюутнуудыг Сангийн яам, ЭЗХЯ, УУХҮЯ, Монголбанк, Хөгжлийн банк ҮСХ, СЗХ, ОБЕГ, НЗДТГ, НГЗБА, Баянхонгор аймгийн ЗДТГ-аас нэр дэвшүүлсэн бөгөөд Японы Кюүшүгийн их сургууль, Олон улсын их сургууль, Сайтамагийн их сургууль, Цүкүбагийн их сургууль, Хирошимагийн их сургууль, Мэйжигийн их сургууль, Нагаокагийн техникийн их сургуульд суралцах юм.

Холбоотой мэдээ