УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-08-07 13:05:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол Улсын төрийн байгуулал гэсэн 3 дугаар бүлгийн дэд хэсэг УИХ гэсэн хэсгийг хэлэлцсэн тэмдэглэлээс уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:-10 дугаар сарын 15-ны өнөөдрийн хуралдааныг эхлүүлье. Үндсэн хуулийн төслийн гуравдугаар бүлгийн нэгдүгээр дэд хэсэг,Монгол Улсын Их Хурал /УИХ/ энэ хэсэг рүү оръё. Энэ маань хорьдугаар зүйлээс эхэлж байна. Нэр болоод 20 дугаар зүйл дээр хамтруулан яръя.  

О. Очиржав:- Монгол УИХ гэдгийн Их гэдгийг авах саналтай байна. Монгол улсын хурал гээд. 20 дугаар зүйлийн нэгийн хувьд бол Улсын хурал, за УИХ гэж яръя л даа. Төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага гэдгийг хасах саналтай байна. Төрийн эрхийг гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэж тогтоож байгаа. Яг адилхан гурвуулаа төрийн эрхийг барих байгууллага. Төрийн эрх барихыг 3 хуваана гэж байгаа шүү дээ. Эндээс төрийн эрх мэдэл зөвхөн Их хуралд байна гэж хуучин АИХ совет энэ тэр гэсэн ойлолтоос татгалзмаар байна.

Р. Гончигдорж:-Их хурал бол төлөөлөгчдийн дээд байгууллага мөн гэх юм уу?

О. Очиржав:- Их хурал бол монгол улсад хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэсэн ийм ойлголтоор, зөвхөн энэ утгаар.

Р. Гончигдорж:- Нөгөө байгуулах асуудлууд энэ тэр байхгүй юу, жишээлбэл шүүхийг байгуулах, Ерөнхийлөгчийг сонгох асуудлууд нь.

О. Очиржав:- Байна.

Р. Гончигдорж:- Тэгэхээр зэрэг хууль тогтоох гээд хэлчихээр болох уу? За яах вэ саналыг авч байна.


П. Улаанхүү:- Энэ нэг хоёрдугаар зүйлийг нийлүүлэх саналтай байна. Төлөөлөгчдийн дээд байгууллага гэдгийн төлөөлөгчдийн гэдэг үгийг аваад, байгууллага мөн таслал тавиад, Монгол улсын гэдгийг хасаад, хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлнэ гэж найруулбал яасан юм бэ? Тэгэхээр энд ямар тайлбар хэлэх гэж байна вэ гэхээр төлөөгөчдийн дээд байгууллага гэдэг бол биш л дээ. Энэ бол УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж шууд тийм тодорхойлолт өгөх хэрэгтэй. Эндээс юм салбарлан гарах ёстой. Тэгээд таслал тавиад, надад энд жишээ байна л даа. Унгарын парламентын, Унгарын Үндсэн хууль, японы Үндсэн хуульд шууд тэгж заасан. Төрийн эрх барих дээд байгууллага гэж шууд тодорхойлсон байдаг.

С. Баярцогт:-Эхний өгүүлбэрээс төрийн эрх барих гэдгийг хасах хэрэгтэй Миний санал найруулгын чанартай Очиржавын саналтай ижилхэн юм.

Гү. Лхагважав:- За хурлын нэрээс их гэдэг үгийг хасах нь зүйтэй гэж бодож байна. Нэг, хоёрдугаар зүйлийг хамтатгаад ийм байдлаар найруулъя гэж бодож байна. Монгол УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд Монгол улсад хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэж, шинэ хоёрдугаар зүйл Монгол улс нь парламентын бүгд найрамдах улс мөн гэсэн ийм саналтай байна.

Р. Гончигдорж:- Лхагважав томьёоллоо нааш нь бичгээр өгөөрэй.

Д. Батсүх:-Нэгдүгээр зүйлд Монгол УИХ гэдгийг хууль тогтоох засаглал гэж нэрлэх саналтай байна. Нэг, хоёрдугаар зүйлийг нийлүүлье гэсэн хүмүүстэй санал нэг байна. Тэгэхдээ миний өөрийн хэлж байгаагаар бол Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага бол УИХ мөн гэж ганц өгүүлбэрээр оруулчихъя гэж бодож байна.


С. Баяр:- Очиржав гишүүний гаргаж байгаа саналыг зарчмын хувьд дэмжиж байгаа юм. Үнэхээр бид хуучин төсөлдөө оруулж байсан. Мөн олон жил ярьж ирсэн төрийн эрх барих дээд байгууллага гэж. Нөгөө засгийн бүх эрх мэдэл зөвлөлүүдэд гэдэг хуучин лоозонгийн маань сэтэрхий энэ дотор ингэж орж яваа юм л даа. Зарим гишүүний хэлж байгаагаар энийг хэвээр нь үлдээнэ гэх юм бол, бид төрийн эрх мэдлийг хуваах, хуваарилах онолоосоо татгалзаж байгаа болно. Дотор нь байгаа юм бол хуваах, хувиарлахыг зорьсон тийм чиглэлтэйгээр болсон төсөл учраас төрийн эрх барих дээд байгууллага гэж хэрхэвч болохгүй. Тэгэхдээ яг энэ төсөлд туссанчлан, та нөхөд сайн анзаарах юм бол төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага гэж байгаа юм. Засгийн газар дээр очоод бид бол Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн. Тэр нөгөө гурав хуваасныхаа, эрх мэдлээ хуваачхаад энэний дээр тухайн тухайн засгийг хэн дээр нь байгаа юм бэ гэдэг ойлголт нь дээд гэж орж байгаа болохоос биш, ер нь төрийн эрх мэдэл УИХ-д байна гэсэн ийм зарчмаас бид татгалзаж байгаа учраас энэ төсөлд байгаа хувилбар маань аль алиныг нь зохимжтой тусгасан юм болов уу гэсэн ийм саналтай байгаа. Ийм учраас яг ийм хуваасан, төсөлд байгаачлан нэг, хоёроор заасан энэ байдлаар нь хэвээр үлдээх саналтай байгаагаа хэлье. Дахин давтан хэлэхэд төрийн эрх барих дээд байгууллага гэж манайд цаашид байхгүй байх нь зүйтэй болов уу. Эрх мэдлээ гурав хувааж байгаа шүү дээ.


Х. Пүрэвдагва:- Надад нэг санал, нэг асуулт байна. Нэгдүгээрт нь тэр Их гэдэг үгийг хасах нь зүйтэй. Яагаад гэхээр Их гэдэг үг бол Улсын гэдэг үгэндээ агуулгаараа орчхож байгаа. Улсын хурал, аймгийн хурал, хошууны хурал гээд орчхож байгаа учраас, улсынх нь хамгийн том нь юм байна. Тийм учраас Их гэдэг хэрэггүй гэж бодож байна. Гуравдугаар зүйл дээр монгол улсад засгийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж байгаа. Тэгэхээр энэ Улсын хурал бол тэр ард түмний мэдэлд байх засгийн эрхийг л барих төлөөллийн байгууллага юм аа даа. Тэгэхээр энд би түрүүчийнх дээр ч гэсэн асуултад сайн тайлбар авч чадаагүй юм. Тэр засгийн бүх эрх, төр засаг, төрийн эрх мэдэл, нэг олон нэр томьёо яваад байгаа шүү дээ. Эдгээрийн хоорондын ялгааг би өнөө болтол сайн гаргаж чадахгүй байгаа юм. Энийг дахин тайлбарлаж өгч болох уу, хэрэв цаг байвал. Товчхон.

Д. Жанцан:-Би энэ хоёрдугаар хэсэг дээр нэг зүйл асуунгуутаа дээр нь санал болгож нэг зүйл хэлье. Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хэрэгжүүлнэ гэж. Би энэ дээр хууль тогтоох, хянан шалгах гэдэг үг ч байх ёстой гэсэн ойлголттой байна. Тийм учраас хянан шалгах функц ер нь хаана байхаар орсон юм бэ?

Р. Гончигдорж:-Сүүлд концепци дотроо байгаа.

Д. Жанцан:-Тэгэхээр энд би хамт оруулж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Зүйгээр хойшоо хянан шалгах нь яваад байхаар энд заавал байх ёстой гэсэн ойлголттой байна.


Б. Галсандорж:- Эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага мөн гэдгийг хасаж болохгүй гэдгийг Баяр дарга тайлбарласан, энийг хэвээр нь үлдээх саналтай нэг байна. Үүн дээр ганц хоёр санал хэлмээр байна. Энэ юу вэ гэхээр байнгын гэдэг нэг тодотгол байх хэрэгтэй. Энэ тодотгол юутай холбоотой вэ гэхээр 21 дүгээр зүйлтэй холбоотой. Тэр дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон Их хурал байх уу,эсвэл шууд сонгогддог хоёр юутай Их хурал байх уу гэдэг асуудал яригдах юм.Тэгэхээр байнгын ажиллагаатай эргэлтийн системтэй байна гэж үзэх юм бол байнгын гэдэг тодотгол оруулж ирэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт эрхэм гишүүн Жанцан хэллээ. Бид тэр УБХ бол хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах гэсэн 3 функцтэй байсан. Одоогийн энэ үйлчилж байгаа хуульд бол, түрүүчийн ард түмнээр хэлэлцүүлсэн төсөл дээр зохион байгуулах функцийг нь аваад хаячихсан байж байгаа, одоо бол ганцхан хууль тогтоох нь үлдчихээд байгаа. Дотроо ойлгогдож байж магадгүй. Энэ дээр энэ гурав байх уу үгүй юу гэдгийг байвал ямар хэрэгтэй вэ, байхгүй бол яагаад байхгүй байж болох юм бэ гэдэг дээр харгалзаж үзсэний үндсэн дээр энэ гурвыг хэлэлцсэн дээр гэж үзэж байна. Хууль тогтоох нь ойлгомжтой, тийм учраас хянан шалгах, зохион байгуулах функцүүдийг энд тусгах уу, үгүй юу гэдэг дээр санал хурааж хэлэлцэх нь зүйтэй гэсэн ийм саналтай байна. Тэр засаглал гэх үү, эрх мэдэл гэх үү гэдэг дээр олон удаа ярьсан, энийг одоо засаглал гэж тайлбарлаж байгаа гишүүд...

Р. Гончигдорж:- Засаг гэх үү, эрх мэдэл гэх үү тиймээ.

Б. Галсандорж:-Гарчиг дээр яаж байгаа юм, тэрийг хүмүүсийн тайлбарыг сонсож байж шийдвэрлэх, дур зоргоороо засаглал гээд хэвшчихсэн тэр хэвшсэн хэлбэрээрээ шийднэ гэж зүтгэж болмооргүй байна. Тийм учраас энэ дээр санал хураахын өмнө яагаад засаглал гэж байгаа юм, яагаад эрх мэдэл гээд байгаа юм гэдгийг тайлбарлуулах нь зүйтэй гэсэн ийм саналтай байна.

Н.Ганбаяр:- УИХ гээд нэрлэчихээр цаана нь Бага хурал байх юм шиг ойлгогдоод, тэгээд ч ер нь Их хурал гэдэг чинь энэ үг, нэр томьёо, парламентын нэр томьёог зөв болж байгаа эсэхийг бусад хэл дээр буулгаж үзэхэд Их хурал гэдэг бас нэг учир дутагдалтай юм шиг , тэгэхээр дээд хурал гэдэг юм уу, энэ талаас бас нэг сайн бодох шаардлагатай байх. Би хувьдаа бол Дээд хурал гэсэн нэр томьёо санагдаж байна.


Б. Чимид:-Баяр энэ асуудлыг хариуцаж оруулж байгаа. Баяр саналаа хэллээ. Бид юмныхаа учрыг л сайн олмоор байна. Тэгж туйлшраад баймааргүй байх юм. Төр засаг гэдэг бол нэг зүйл гэдгийг улс бүр зөвшөөрсөн. Төрийн засаг хэдэн ч дээд байгууллагатай байж болно. Зарим оронд төрийн засгийн дээд байгууллага нь парламент, Засгийн газар, шүүх гэж тодорхойлсон газар бий. Парламент бол төрийн дээд байгууллага гэж засаг хуваарилах онол дээр Үндсэн хуулиа хийсэн орнууд бий. Нэгдүгээрт энийг хэлмээр байна Энэ зүгээр Лениний лоозон гэдэг үгээр дайраад байж болохгүй. Ер нь бол засгийн эрхийг нэг гараас нөгөөд шилжүүлдэг нь хууль л даа. Тэр засгийн эрхэд цаашаагаа задрахаараа зэрэг гурав болж байгаа. Социалист орнууд төрийн байгууллагын хөдөлмөрийн хуваарь гэж ирсэн, засаглал хуваах онол гэж нэрлэж ирсэн. Энэнийг бүх хүн мэднэ. Жишээлбэл япон ингэж байна. Парламент является высшим органом государственной власти единственней законадательный органом гээд ингээд тэр чинь байж байна. Тэгэхээр энэ дээр зөвлөлүүдийн лоозонг авч хэрэглэсэн гэж таахгүй байна. Ер нь төрийн засаг гэдэг нэгдмэл байхгүй бол улс орон нэгдмэл байна гэсэн ойлголт байхгүй. Харин төрийн засаг чинь олон салбар эрх мэдэлд /бидний томьёогоор/ хуваагдана, тэгээд эрх мэдэл нь цаашаагаа эрх хэмжээнд хуваагдана, эрх хэмжээ нь цаашаагаа эрх үүрэгт хуваагдана. Ингээд цаашаагаа явдаг олон гинж байгаа. Тэгэхээр энэ гинжний дундаас нь авах уу, дээрээс нь авах уу гэдгийг бид яримаар байгаа юм. Энэ цөмөөрөө үгтэй власть, властвование гэдгийг би зөвшөөрөхгүй байна, власть гэдэг юм уу компетенц гэдэг юм уу, полномочь гэдэг юм уу ингээд явдаг. Тэгэхээр энэ асуудлыг бол нэлээд сайн ярих ёстой зүйл энэ л дээ. Зүгээр энэ дээр олголцоно гэдэг хүнд л байх.


Засаг гэдэг бол тэр власть гэдэгтэй нь таардаг. Власствование гэхээр властвовать гэдэг нь засаг, засглах гэдэг үйлт нэр, үйл үг рүү ордог зүйл. Тэгээд англиар тэр фоэр гэдгийг чинь власть, авторитет, полэомочие гэж хуулийн үгээр бол гурван янзаар орчуулсан байна. Эргээд оросыгоо власть гэдгийгээ правое гээд орчуулсан байна. Энэнийг нэр томьёон дээр эргэж яръя гэж тогтвол сайн байна. Төрийн дээд байгууллага мөн үү гэвэл парламент мөн. Шүүх ч төрийн дээд байгууллага мөн үү гэвэл мөн. Засгийн газар төрийн дээд байгууллага мөн үү гэвэл мөн. Цорын ганц дээд байгууллага гэсэн үг хаана ч байхгүй. Энд бол төлөөлөгчдийн дээд байгууллага гэдэг утгаар яваа. Их хурлын нэрийн талаар хувийн саналаа хэлэхэд энэ үгийг урьд олон үзсэний хувьд хэлэхэд Монгол улсын УИХ гэж болно. Бид ч бас дэлхийн улс орнуудтай харилцах ёстой. Хурал Монголия гэсэн үг өрчхөөд сууж болохгүй байна жишээлбэл Государственный хурал гэж байвал болно. Манай энэ хоёр үг чинь ингээд мөргөлдөөд болдоггүй учраас Их хурлын өмнө үргэлж тодорхойлолт хэрэглэж ирсэн түүхтэй юм. Заримдаа УИХ, заримдаа АИХ гэж хэлж тодотгож ирсэн. Монголд олон хурал байх болно л доо. Цаана нь, ямар хурал вэ эрх биш одоо хэлмээр байна. Орон нутгийн хурлууд байна, өөртөө тодорхой эрхтэй Конгресс бол ойлгомжтой л доо. Конгрессийг манайх Их хурал гэж орчуулдаг болохоос хурал гэж орчуулдаггүй шүү дээ.


П. Улаанхүү:- Хурал гэдгийг чинь Конгресс л гэж ойлгоно шүү дээ.

Б. Чимид:-Манай хурал гэдэг ганцхан Вете юм уу Конгресс гэдэг шиг бусад газар хийлгэж чадахгүйгээс гадна манай хурал гэдэг чинь олон хурлыг төлөөлдөг байхгүй юу. Тайлбарлах хэрэгтэй болно шүү дээ Танайд нэг хурал гэж нэг юм байна. Бас тэр аймагт хурал гэж байна. Ангийн хурал гэж байна, намын хурал гэж байна. Эвлэлийн хурал гэж байна гээд ингэхээр яах юм бэ? Бүрэн нэрээр тогтож авах хэрэгтэй шүү дээ. Товчлох нь товчилно. Ганц үгээр хэлэх нь хэлнэ. Тэгэхээр зүгээр Их хурал гэдгээ бол харин өөр үгээр сольж болох байх. Монгол улсын УИХ юм уу, Монгол улсын төрийн хурал юм уу, монгол улсын Их хурал юм уу...

Гү. Лхагважав:-Жижиг улс л дандаа юмандаа том, том их, их гэдэг юм тавьдаг.

Б. Чимид:- Үгүй ээ, тэр тусгай нэр болгох гэж яваад байна шүү дээ. Хурал гэдгийг орчуулах хэрэггүй. Комиссоос ийм тайлбар өгмөөр байна. Зүгээр төлөөлөгчдийн гэдэг дээр л яривал ярих юм. Төлөөлөх гэж болохгүй, төлөөллийн гэж болохгүй.

Р. Гончигдорж:-Нэгдүгээрт Их хурал гэж нэрлэсэн нэрийг өөрчлөх санал байна. Эхлээд нэрэн дээрээ саналаа тогтчихъё. Нэг Их хурал гэж нэрлэх, нөгөө нь хурал гэж нэрлэх. Өөр тодорхой санал гарсангүй. Их хурал гэсэн энийг Хурал гэсэн нэрээр сольё гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 14,
  • татгалзсан 24,
  • түдгэлзсэн 3 бүгд 41, энэ олонхын дэмжлэг авахгүй байна.

Дараа нь Хуралдай гэсэн нэрийг өгье гэсэн саналыг Баярцогт гаргалаа. Энийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 13,
  • татгалзсан 25,
  • түдгэлзсэн 3, бүгд 41, энэ олонхын дэмжлэг авахгүй байна. 

Дараа нь 20 дугаар зүйлийн нэгдүгээр хэсгийн хувьд хэд хэдэн санал гарлаа. За ингээд эхнийх дээр санал хураая. Монгол УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага...

П. Бямбацэрэн:- Монгол УИХ бол ард түмний төрийн эрхийг барих төлөөллийн дээд байгууллага мөн гэсэн шүү дээ. Тийм утгаар.

Р. Гончигдорж:-Ард түмнээс төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага мөн. Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 12,
  • татгалзсан 27,
  • түдгэлзсэн 2, бүгд 41, энэ олонхын дэмжлэг авахгүй байна.

О. Очиржав:-Монгол улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн гэж тодорхойлсон байгаа. Энэ бол зөв тодорхойлолт болсон. Монгол УИХ нь хууль тогтоох төлөөллийн дээд байгууллага мөн гэж.

Р. Гончигдорж:- Очиржавын саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 14,
  • татгалзсан 22,
  • түдгэлзсэн 3, бүгд 39, энэ олонхын дэмжлэг авахгүй байна.

За дахиад санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 14,
  • татгалзсан 22,
  • түдгэлзсэн 4, бүгд 41, энэ олонхын дэмжлэг авахгүй байна.

Гү Лхагважавын санал дээр санал хураалт явуулъя. Монгол УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд, монгол улсад хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэж. Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 19,
  • татгалзсан 21,
  • түдгэлзсэн 0, бүгд 40, арай олонх болохгүй байна.

Монгол УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд монгол улсад хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн УИХ-д хадгална. Хоёрт, парламентын бүгд найрамдах улс мөн гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 21,
  • татгалзсан 20,
  • түдгэлзсэн 0, бүгд 41, энэ олонхын дэмжлэг авч байна гэжээ.

Үргэлжлэл бий.                                             

                                              

                                                                                                           Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

Холбоотой мэдээ