Эрэгтэй баг Японыг 4:0-ээр, эмэгтэйчүүд Унгарыг 2,5: 1,5-аар хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-07 06:30:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж буй 44 дүгээр дэлхийн шатрын олимпиадын 8 дахь өдрийн тэмцээнд Монгол Улсын эмэгтэй, эрэгтэй шигшээ баг өрсөлдөгч багуудаа ялснаар нийлбэр дүнгээр 23 дугаар байрт явна.


Монголын эрэгтэй /Д.Батсүрэн, Б.Гүндаваа, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ/ шатарчид 8 дахь өрөгт Японы шигшээ багийг 4:0-ээр илүүрхэн ялж 2 оноо авлаа. Наймдугаар өргийн тоглолтыг FM Г.Амартүвшин өнжсөн.


Эмэгтэй баг, Унгарын хүчтэй багтай ур ухаанаа уралдуулснаас нэгдүгээр ширээнд А.Энхтуул хайнцаж, 3 дугаар ширээнд Т.Мөнхзул өрсөлдөгчөө хожсон. Харин 2 дугаар ширээнд Б.Баярмаа хожигдол хүлээсэн ч 4 дүгээр ширээнд Б.Мөнгөнзул хожсоноор чансааны 12-д эрэмбэлэгдсэн хүчирхэг Унгарын багийг 2,5:1,5-аар ялж маш чухал хожлыг авч чадлаа. Энэ өдөр WFM Д.Мөнхзул өнжсөн.


Монголын эмэгтэй баг 8 өргийн дараах байдлаар 162 багаас 7 дугаарт 13 оноотой бичигдэж байна. Өнөөдөр манай эмэгтэй баг, 12 оноотой 8 дугаарт яваа Азербайжаны багтай 9 дэх тавилаа хийнэ.


Хувийн буюу ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд эмэгтэй Их мастер А.Энхтуул /6 өрөг, 2 хожил, 4 тэнцээ/ 4 оноотой 7 дугаарт, 3 дугаар ширээнд эмэгтэй ОУМ Т.Мөнхзул /8 өрөг, 5 хожил, 3 тэнцээ/ 6,5 оноотой 5 дугаарт, 4 дүгээр ширээнд ОУШХДМ Б.Мөнгөнзул /7 өрөг, 6 хожил,1 хожигдол) 6 оноотой 5 дугаарт тус тус бичигдэж байна.


Харин эрэгтэй баг 8 тавилын дараа 188 багаас 44 дүгээр байрт бичигдэж байна. Ширээний дүнгээр манайхаас эхний 20-д 3 дугаар ширээнд Их мастер Б.Гүндаваа /6 өрөг, 4 хожил, 2 тэнцээ/ 5 оноотой 12 дугаарт жагсаж байгаа юм. Өнөөдөр Монголын эрэгтэй баг Польшийн шигшээ багтай нүүж, ухаанаа уралдуулна.


Шатрын олимпиад нээлттэй /эрэгтэй/ болон эмэгтэй шигшээ багуудын дунд швейцарь системээр явагдаж буй бөгөөд баг тус бүр 11 өрөг тоглосны дараа эрэгтэй, эмэгтэй шилдэг багууд тодорно.


Хуучин ЗХУ болон Гүржийн домогт шатарчин, Дэлхийн аварга, Шатрын олимпиадын 10 удаагийн аварга Нона Гаприндашвилигийн нэрэмжит Шилдэг холбооны /эрэгтэй болон эмэгтэй багуудын нийлбэр дүнгээр тооцдог/ цомд Монголын баг өнөөдрийн байдлаар ийнхүү 23 дугаарт жагсаж байна.

Холбоотой мэдээ