Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн ашигласан нийтлэг зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2022-07-18 19:11:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Үндэсний их баяр наадмын үеэр  улсын хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2263 иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн байна.


Болзошгүй эрсдэл, хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн хяналт шалгалтаар 1449 зөрчил дутагдал илэрснээс 68 хувийг газар дээр нь арилгуулжээ.

Хяналт шалгалтаар ажлын байр, багаж тоног төхөөрөмжид угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй, хориглосон сав баглаа боодол, нийлэг хальсан уут хэрэглэсэн, түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим, нөхцөл шаардлага хангаагүй, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн газар дээр нь арилгах боломжгүй зөрчлийг арилгуулахаар 326 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөмж, 20 заалт бүхий 2 албан шаардлага хүргүүлсэн хэмээн албаныхан хэллээ.


Холбоотой мэдээ