Наадмын нээлтийг 2 500 жуулчин үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-12 11:55:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын жуулчдын Монгол орныг зорин ирдэг гол зүйл нь Үндэсний их баяр наадам юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг ажиллагааг үзэхээр 5-6 мянган жуулчин бүртгүүлснээс 2 500 нь үзсэн байна.


Өмнөх жилүүдэд баяр наадмаар манай улсад 90-100 мянган жуулчин ирсэн байна. Эдгээрийн 10 000 нь Монгол наадмыг үзэх хүсэлттэй ирдэг гэсэн судалгаа гарчээ. Гэвч цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжаас хамааран 2 000-3 000 жуулчинд тасалбар худалдсан талаар холбогдох төрийн байгууллагууд мэдээлж байна.

Баяр наадмын үеэр ирсэн жуулчдын ихэнх нь Монголд анх удаа ирж буй бөгөөд наадмын дараа говь руу аялах, зарим нь хагас сарын хугацаанд Монгол орноор тойрон аялах гэж байгаагаа илэрхийлж байв. Гадаадын жуулчдад үндэсний хувцас, хөгжим, өнгө өнгийн үзвэрийг үзүүлж харуулж буй онцлогтой, “Дээлтэй Монгол”, “Соёлын наадам”, “Playtime” зэрэг хөгжим, соёл, урлагийн наадам ихэд таалагдаж гайхалтай, гэнэтийн үзүүлбэрээр дүүрэн буйг хэлж байлаа.


Ялангуяа буддын шашны илэрхийлэл болсон цам бүжиг бүхий үзүүлбэр болон “Чингис” хааны цогцолбор хөшөө, монгол гэрт хонох, хурдан морьдын уралдаан таалагдаж буйг хэлж байна. АНУ-ын Нью-Йорк хот болон Теннесси мужаас ирсэн жуулчид Монгол Улсын төрийн тэргүүнтэй таарч, гар барин уулзсан нь сэтгэл хөдөлгөсөн мөч байлаа гэв.


Словак улсаас ирсэн жуулчин Н.Марич,”Баяр наадмын өдөр гэртээ байгаа монгол хүн байхгүй болов уу. Бүгд наадмын талбайдаа ирж, эх орноороо, түүх соёлоороо бахархан, баярлаж байгаа нь гайхалтай байна” гэж байлаа. Жуулчдын ихэнх нь Европын орнуудаас шууд болон Тайланд, Вьетнам зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудаас Монголд дамжин иржээ.

Манай улсад ирж буй гадаадын улс орнуудын жуулчид Монголд КОВИД-19 цар тахлаас сэргийлсэн вакцин хийлгэх, нийслэл, хот суурин газар эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болсныг ЭМЯ-наас мэдээлсэн. Дэлхийн зарим улс оронд цар тахлын халдварын хорио цээр үйлчилж буй учир гадаадын жуулчид манай улсаас гарахдаа цар тахлын эсрэг PCR-ийн шинжилгээ өгч буй аж. 

Холбоотой мэдээ