ХОВД: Эрдэнэбүрэн сумын хийдэд Бодь суварга бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-07 17:53:43

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Их таван шүтээний номын өргөө Ганданпунцоглин хийд үйл ажиллагаа явуулж байна. Тус хийдийн дэргэдэх Бодь суварганы нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. 

Энэхүү суваргыг бүтээх ажлыг Гандантэгчэнлин хийдийн гэвш лам, “Хийд бүтээх Далай төв”-ийн тэргүүн П.Баянбат санаачилж, ах дүү, төрөл төрөгсөд, үр хүүхдүүд, сүсэгтэн олны сэтгэлийн хандив, дэмжлэгээр хамтдаа бүтээн байгуулжээ.  Лам П.Баянбат гуай Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат бөгөөд буддын шашны ном сургаалийг номлох, Өөлд угсаатны хүрээ хийд, шашин соёлын өв уламжлалыг сэргээх чиглэлд олон жил тууштай хөдөлмөрлөж яваа.

Хоёр метр гаруй өндөртэй “Бодь” суваргыг боржин чулуу, улаан чулуу ашиглан урласан ба суварганы шүншигэд бурхан багш, 108 ганжуур, есөн эрдэнийн ном, далай ламын майнын үрэл зэрэг ховор нандин зүйлсийг оруулсан аж.    

Баруун монголын Өөлд угсаатны уугуул нутаг Эрдэнэбүрэн суманд ийнхүү бурхан багшийн тааллын шүтээн бодь суварга сүндэрлүүлсэнд нутгийн зон олон талархалтай байгаагаа илэрхийллээ. 

Цаашид мөн тус сумын Ганданпунцоглин хийдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, суварга босгох гэх мэт олон ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр зорьж байна. 

 

Холбоотой мэдээ