Хүнсний хангамжид шаардагдах 1.7 их наяд төгрөгийн 48.1 хувийг улсын төсвөөс гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-06-28 12:34:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, ирэх 5 жилийн бодлого, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг УИХ-д өргөн барьж, уг тогтоолын төслийг УИХ энэ сарын 17-нд баталсан. Өчигдөр болсон "Хүнсний аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн инноваци" үндэсний зөвлөгөөнөөр уг тогтоолыг хэрэгжүүлэх оролцогч талуудын үүрэг, санхүүжилтийг мөн хөндсөн юм.

Тогтоол болон үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тодотгож хэлэхдээ, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, зөв амьдралын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой хүртээмжтэй хангахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 1.7 их наяд төгрөг байхаар тооцсон. Үүнийг жил бүрийн улсын төсөв, олон улсын зээл, тусламж, ААН-үүдийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлж явна гэсэн юм.

Тэрээр, энэ талын ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны 5 жилийн төлөвлөгөөг баталж байгаа. Бүх үйл ажиллагааг нийтэд нь хэрэгжүүлэхэд нэн түрүүнд яаралтай хэрэгцээтэй байгаа 1.7 их наяд төгрөгийн 48.1 хувь буюу 840 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, гадаадын зээл, тусламжаар 599 тэрбум төгрөг буюу 34.2 хувийг төвлөрүүлэхээр байгааг дуулгав.

Улсын төсвөөс гаргах хамгийн их хэмжээний буюу 410 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зөрүүд өгнө. Нэг ёсондоо жилийн 3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээл гаргаж, энэ зээлийн хүүгийн зөрүүнд 410.5 тэрбум төгрөгийг гаргахад ААН-үүдэд 1.1 их наяд төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг олгох боломжийг нээж өгч байна гэв.



Хүнсний хангамжид шаардагдах 1.7 их наядын төгрөгийг улсын төсөв, гадаадын зээл тусламж, ААН-үүдийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлнэ.




Хүн амыг эрүүл хүнсээр хангаж, улс орны хэрэгцээг бий болгох энэхүү үйл ажиллагааг ажил хэрэг болгоход төр, засаг, аймаг, орон нутгийн удирдлага, баялаг бүтээгч нар, тариаланчид, малчдын оролцоо чухал байгааг онцолж, энд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг төрийн холбогдох байгууллагууд нарийвчилсан төлөвлөгөөг жил бүр хэрэгжүүлээд явна гэдгийг тодотголоо.

Монгол Улсын гадаадын зээл, тусламжийн жилд зарцуулж буй 500 сая ам.доллартой тэнцэх дээрх хэмжээний хөрөнгийг гаргаснаар олон мянган ажлын байр бий болж, цаана нь монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах, үндэсний хүнсний үйлдвэрүүд сэргэх боломж нөхцөл бүрдэнэ гэдгийг хэлж байна. Ингэснээр 5 жилийн дараа 19 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангадаг болж, цаашдаа гол нэрийн, бусад бүтээгдэхүүний тодорхой хувийг дотооддоо үйлдвэрлэдэг үр дүнг хүлээж байна гэв. 

Холбоотой мэдээ