Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын “Хүндэт доктор” цолыг Д.Рэгдэлд олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-06-28 08:36:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын дарга, Оросын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич В.И.Сергиенко тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж байна.

Эдгээр төлөөлөгч ШУА-д зочилж хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ШУА-ийн зарим хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбар нь ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд тэр дундаа нийгэм, хүмүүнлэгийн салбарт түлхүү хамтын ажиллагаатай явж иржээ. Цаашдаа хүрээгээ тэлж байгалийн ухааны салбарт ч хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг талууд  ярилцаж ойрын үед судалгааны чиглэлээ  илүү тодорхой болгохоор тохиролцлоо.  

Академич В. И. Сергиенко тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчлах үеэрээ ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд  Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын “Хүндэт доктор” цолыг олгохоор иржээ.

Энэхүү цол гардуулах ёслолын үеэр академич В. И. Сергиенко ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлж, улмаар Оросын ШУА-ийн Алс, Дорнодын салбарын “Хүндэт доктор” цол олгож, мөн  Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын академич В.А.Комаровагийн нэрэмжит “Хүндэт медаль”-иар   шагнав.

Энэхүү шагналыг хоёр улсын  шинжлэх ухааны хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж олгож байгаа юм.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, дэлхийн нэр хүндтэй эрдэмтдэд олгодог дээрх шагналыг хүртэж байгаадаа талархал илэрхийлээд “Хоёр орны  хамтарсан эрдэм шинжилгээний ажилд оюутан цагаасаа эхэлж өнөөгийн ШУА-ийн ерөнхийлөгч хүртэлх бүхий л цаг хугацаанд хамтран ажиллаж, оролцож иржээ. ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд хоёр  орны шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ирсэн, ирээдүйд ч дэмжих болно. Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбартай ШУА олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Энэхүү  хамтын ажиллагаандаа бид их ач холбогдол өгдөг” хэмээн  онцолсон юм.



Холбоотой мэдээ