Илүү нээлттэй, хүртээмжтэй байхыг БРИКС-ийн орнуудад уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-24 08:17:08

БЭЭЖИН. /CGTN/. Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк гэсэн хөгжиж буй таван томоохон улс орноос бүрдсэн бүлэг буюу БРИКС-ийн орнуудын удирдагчдын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 23-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин удирдлага дор “БРИКС-ийн өндөр чанартай түншлэлийг хөхиүлэн дэмжиж, Дэлхийн хөгжлийн шинэ эрин үеийн эхлэлийг тавих нь” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр боллоо.


Ши Жиньпин уг дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ, “БРИКС бол хаалттай эсвэл тусгай клуб биш. БРИКС-ийн орнууд бол нэг гэр бүлийн гишүүд бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааны түншүүд юм” гэжээ.


Өнгөрсөн таван жилийн хугацаанд “БРИКС+” санаачилга нь шинээр хөгжиж буй зах зээлүүд болон хөгжиж буй орнуудын хувьд Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эв нэгдэлтэй байвал илүү хүчирхэгжиж болдгийн нэгэн тод үлгэр жишээ болсон гэж тэрбээр хэлжээ.


Мөн өнгөрсөн онд дэлхий даяар “COVID-19” цар тахлын нөлөө үргэлжилж, дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, энх тайван ба аюулгүй байдлын асуудал ээдрээтэй болсон бөгөөд энэ амаргүй цаг үед БРИКС-ийн орнууд нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримтлан эв санаагаа бэхжүүлж, сорилтуудыг хамтдаа даван туулсан гэж тэрбээр хэлсэн байна.


Дэлхийн дахин олон өөрчлөлт, сорилттой нүүр тулж, шинэ нөхцөл байдал үүсэж буй өнөө үед илүү нээлттэй бөгөөд хүртээмжтэй байж, хөгжил дэвшлийг ямагт эрэлхийлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг БНХАУ-ын дарга БРИКС-ийн гишүүн орнуудад уриалжээ.


Түүнчлэн БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмыг өргөжүүлэн тэлэх үйл явцыг хурдасгаж, санаа бодол нэгтэй түншүүддээ БРИКС-ийн “өнөр бүл”-д аль болох эрт элсэх боломж олгох хэрэгтэй гэж Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна.


Тогтвортой бөгөөд хүн төвтэй хөгжлийг хөхиүлэн дэмжиж, ядуурлыг бууруулах, хоол хүнс, боловсрол болон эрүүл мэнд зэрэгт илүү их хөрөнгө оруулалт хийж, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” хөтөлбөрт тусгагдсан зорилтуудад хүрч, дэлхий дахин илүү ногоон бөгөөд эрүүл хөгжлийн замаар замнахад өөрсдийн хувь нэмрээ оруулахыг тэрбээр БРИКС-ийн орнууддаа мөн уриалжээ.


БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчдын цахим дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа Бээжингийн тунхаглалыг гаргажээ.


Стратегийн түншлэлээ цаашид улам бүр бэхжүүлэхийн тулд нийтлэг ашиг сонирхол, тэргүүлэх чиглэлүүддээ тулгуурлан БРИКС-ийн орнуудын эв санаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг БРИКС-ийн удирдагчид уг тунхаглалаараа дахин нотолсон байна.


БРИКС-ийн тухай

БРИКС гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк гэсэн хөгжиж буй таван орныг эгнээндээ нэгтгэсэн бүлэг бөгөөд энэ таван улсын англи нэрийн эхний үсгээс бүрдсэн товчлол билээ.


Тус бүлэг нь 2006 онд анх байгуулагдахдаа БРИК гэсэн нэртэй байсан бөгөөд 2010 онд Өмнөд Африк нэгдсэнээр нэрээ БРИКС болгон өөрчилсөн түүхтэй.


2021 оны байдлаар, БРИКС-ийн бүлгийн улс орнууд нь дэлхийн нийт хүн амын 40 хувь, нийт газар нутгийн 30 хувийг эзэлж байна.


Мөн БРИКС нь дэлхийн эдийн засгийн 26 орчим хувь, экспорт болон импортын 20 хувийг бүрдүүлдэг болох нь статистик мэдээнээс харагдаж байна.

Холбоотой мэдээ