Олимпын өдрийн 128 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-23 17:10:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Олон улсын олимпын хороо /ОУОХ/ байгуулагдсан 6 дугаар сарын 23-ны өдрийг дэлхий даяар “Олимпын өдөр” хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг.


МҮОХ-ноос Олимпын өдрийн нэгдсэн үйл ажиллагааг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд амжилттай зохион байгууллаа.


“Олимпын өдөр”-т зориулан ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэндчилгээ дэвшүүлснийг оролцогчдод сонордуулсан бол МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцож байсан үе үеийн тамирчид, ахмадууддаа хүндэтгэл илэрхийлж, гарын бэлэг гардууллаа.


Мөн энэ үеэр “Парис-2024” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад батламж гардуулав. ОУОХ-ны Эв санааны нэгдлийн энэхүү хөтөлбөрт байт харвааны Г.Хишигсайхан, боксын Б.Буяндалай, Х.Энхмандах, М.Намуун, туялзуур сэлэмний Б.Амарзаяа, жүдо бөхийн Г.Алтанбагана, Л.Сосорбарам, Ё.Басхүү, буудлагын Ц.Анударь, Э.Даваахүү, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, чөлөөт бөхийн Д.Отгонжаргал, М.Лхагвагэрэл, Т.Тулга гэсэн 15 тамирчин хамрагдаж байна.


Олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтаад буй брэйк бүжгийн спортын залуус арга хэмжээнд хүрэлцэн ирж, бүжгийн үзүүлбэрээсээ сонирхуулсан нь энэ өдрийн оргил мөч байв. Мөн байт харваа, гольф, бадминтон, цанын холбооныхон спортоо сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.


Олимпын өдөрт зориулсан залуу тамирчдын гүйлтийн тэмцээн энэ үеэр болж, 200 гаруй тамирчин хамрагдлаа. Эрэгтэй, эмэгтэй төрөл бүрт эхний таван байр эзэлсэн тамирчдад сертификат, гарын бэлэг гардууллаа.


Ийнхүү Олимпын өдрийн 128 жилийн ойг олимп, спорт-олимпизмыг дэмжигч үе үеийн тамирчид, багш дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, хүүхэд, залуус болон иргэд идэвхтэй оролцож өргөн хүрээнд тэмдэглэв.












Холбоотой мэдээ