Дэлхий даяар дүрвэсэн хүүхдийн тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-20 13:33:10

НЬЮ-ЙОРК. /China Daily/. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 36.5 сая хүүхэд мөргөлдөөн, хүчирхийлэл болон бусад хямралын улмаас дүрвэсэн нь дэлхийн II дайнаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/ мэдээлжээ. 


Тодруулбал, 2021 онд дэлхий даяар 22.8 сая орчим хүүхэд мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас дотооддоо дүрвэж, 13.7 сая хүүхэд хилийн чанад руу дүрвэх юм уу орогнол хүссэн байна. 


Уг тайланд уур амьсгал, байгаль орчин, гамшгийн улмаас болон Орос-Украины мөргөлдөөны улмаас нүүлгэн шилжүүлсэн, дүрвэсэн хүүхдүүдийн тоог оруулаагүй гэдгийг онцолжээ. 


НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Кетрин Рассел хэлэхдээ, энэхүү цочирдом тоо баримт нь улс орнуудын засгийн газруудад хүүхдүүдийг дүрвэхээс сэргийлэх, дүрвэсэн хүүхдүүдэд боловсрол олгох, хамгаалах, мөн бусад чухал үйлчилгээг авах боломжийг хангахад түлхэц өгнө гэдэгт итгэж байна гэжээ.


Дүрвэсэн хүүхдүүдийн тал хувь нь бага сургуульд, дөрөвний нэг орчим хувь нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа нь тэдгээр хүүхдэд эрүүл мэнд, боловсрол хийгээд асран хамгаалах зэрэг дэмжлэг шаардлагатай байгааг харуулж буйг тайланд онцлон тэмдэглэсэн байна.


Тухайлбал, асран хамгаалах хүнгүй эсвэл гэр бүлийнхнээсээ тусгаарлагдсан хүүхдүүд хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй байна. Дэлхийн хэмжээнд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын 28 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна.



Холбоотой мэдээ