Монгол Улс ураны олборлолтоос бүтээгдэхүүнээ гаргахад бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-08 09:10:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын өмнийн говьд газрын тосны болон ураны, төмөр замын, Тавантолгойн цахилгаан станцын гэсэн 3-4 том бүтээн байгуулалт өрнөж байна.


Газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орох бол бас нэг томоохон бүтээн байгуулалт нь уран олборлох Монгол-Францын хамтарсан үйлдвэрийн туршилтын төсөл юм. Тус үйлдвэр Зөөвч-Овоогийн 93.2 мянган тонн, Дулаан-Уулын 6260 тонн ураны нөөцтэй ордуудад түшиглэн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Зөөвч-Овоогийн орд нь Азид хамгийн томд ордог. Эдгээр орд нь Монгол Улсад албан ёсоор бүртгэсэн ураны нөөцийг 2 дахин өсгөснөөр нийт нөөцийн 50 хувийг бүрдүүлж, манай улс 131 мянган тонн ураны бүртгэсэн нөөцөөр дэлхийд 12-т орж байна. Энэхүү баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц хэдийнээ эхэлжээ.


Манай улс ураны хайгуулыг анх 1946 оноос хийж байсан бол өнөөдрийн ураны олборлолт нь Франц улсын төрийн өмчит “Орано” компанийн хайгуулын охин компани 1997 оноос Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуулыг хийснээс эхтэй юм. Үүний үр дүнд ураны дээр дурдсан ордуудыг илрүүлж, өнөөдөр ураныг туршилтаар олборлох үйлдвэрийг байгуулжээ.


Туршилтын үйлдвэр нь өнөөдөр ураныг шар нунтаг хүртэл олборлох зохицуулалттайгаар Цөмийн энергийн комисс, БОАЖЯ, АМГТГ, МХЕГ зэрэг төрийн, мэргэжлийн байгууллагуудын хяналт дор, Ашигт малтмалын болон Цөмийн энергийн тухай хуулиудын хүрээнд өнгөрсөн оноос туршилтын олборлолтыг эхлүүлжээ. Дээрх үйл ажиллагаа нь мөн Олон улсын Атомын энергийн агентлагийн хяналт дор явагдаж байна.


Ураны олборлолтыг туршилтаар эхлүүлээд буй “Бадрах Энержи” компанийн 34 хувийг Монголын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “МонАтом” эзэмшдэг. Мөн Францын төрийн өмчит “Орано” компанийн хувь эзэмшлийн нэгдэл болон ажиллаж байна. Үйл ажиллагаа эрх зүйн хувьд төвөгтэй гэхээсээ илүү хяналт ихтэй байдаг нь уул уурхайн шинэ салбар, цөмийн технологийн гол түүхий эд, цацрагт идэвхит ашигт малтмалтай холбоотойг компанийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Бямбадолгор онцолж байв.


“Бадрах Энержи” компанийн туршилтын үйлдвэр одоо АМГТГ-тай хийсэн Орд ашиглалтын гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа бол цаашдаа туршилтаас үйлдвэрлэлийн олборлолтод шилжвэл Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн үргэлжлүүлэх юм. Ингэснээр үйлдвэр улсад нэг тэрбум ам.долларын татвар хураамж төлөх урьдчилсан тооцоог анхны ТЭЗҮ-ээр хийсэн, энэ нь шинэчлэгдэх тоо гэдгийг мэдээллээ.


Өнгөрсөн оны эцсийн байдлаар ураны орд илрүүлж, нөөц тогтооход Франц улсын төрийн өмчит “Орано" групп 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсад 2017-2020 онд 17.8 тэрбум төгрөгийн татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрт 6.8 тэрбум төгрөгийг тус тус төлөөд байна.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт 2050 онд гэхэд манай улс цөмийн эрчим хүчний хоёр эх үүсвэртэй болох зорилтыг тавиад байгаа билээ. 


Үйлдвэрийн технологи: Энд ураныг газрын дор уусган олборлох аргыг хэрэглэж байна. Тодруулж хэлбэл, ураныг газрын доороос сулавтар хүчилжүүлсэн уусгагч (4-6 гр/литр) шингэн хэрэглэн уусган авдаг аж. Нэг ёсондоо ямар нэг байдлаар тэсэлж өрөмддөггүй, хүдрийг буталдаггүй учир байгалийн олборлолтын арга гэдэг байна. Цооног гарган ураныг газрын дор уусган олборлох байгаль орчинд хор нөлөө багатай технологи гэсэн үг. Энэхүү арга нь тэргүүний дэвшилтэт бөгөөд манай говийн элсэн чулуун дахь тунамал ордод бүр таарч буй аж. Энэ технологиор 1 грамм уранаас 2.8 тонн нүүрснээс гарах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Дэлхийд олборлож буй ураны 57 хувийг дээрх технологиор гаргаж байна.


Олон улсад тэргүүлэх жишиг болж буй дээрх технологиор “Бадрах Энержи” компанийн туршилтын үйлдвэрт ураны шар нунтаг гаргаж авч байгаа бөгөөд энэ нь манай улс 1989-1995 оны хооронд Дорнод аймаг дахь Мардайн ордоос ураныг хүдрийн биетээр нь олборлон гаргаж байснаас технологи болон түүхий эд, олборлолтын хувьд тэс өөр үйл явц юм гэдгийг салбарын мэргэжилтнүүд тодотгож байна.


“Бадрах Энержи” компанийн туршилтын үйлдвэрт ажиллаж буй Казахстан улсын мэргэжилтэн Сабит Куссайнов, “Ураныг газар доор уусган олборлох нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан тэргүүний технологи юм” хэмээн өөрийн олон жил ажиллаж буй Казахстан-Францын хамтарсан Казахстан дахь ураны үйлдвэрийн “Катко” компанийн үйл ажиллагаанаас жишээ болгон хэлж байна. Тэрбээр Францын “Орано” компанийн хүрээнд Монгол Улсад ирж, орон нутгийн иргэд болон манай үндэсний мэргэжилтнүүдэд туршлага хуваалцан, зөвлөгөө өгч ажиллаж байна.


Казахтсан улсад уран олборлож боловсруулах үйлдвэр анх байгуулж байхад орон нутгийн иргэд хэрхэн хандан хүлээн авч байсныг тодруулахад тэрбээр, “Казахстанд ураны ордыг ашиглах үйл явц 1970-аад онд ЗХУ-ын үед эхэлсэн. 1990-ээд оны үед нийгэм өөрчлөгдөж ЗХУ задрахад ураны үйл ажиллагаа түр зогссон. Харин дараа нь 1990-ээд оны сүүлч 2000 оны эхээр манай улсын Засгийн газар ураны ордыг ашиглаж олборлох тал дээр анхаарч, үйл ажиллагааг сэргээж, эхний 5 жил хайгуулын ажлыг явуулж, үүний дараа олборлолтыг эхлүүлж 2005 оноос үйлдвэрлэлийн шатанд шилжсэн” гэв.


“Катко”-гийн уран олборлож буй орд болон үйлдвэрлэлийн орчмын бүс нутагт малчид, хувийн аж ахуйтнууд их бий. Тэд ураны хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эсэргүүцдэггүй. Учир нь тэд ураныг газрын доор уусган олборлох одоогийн “Катко”-гийн ашиглаж буй технологи нь байгаль орчин болон хүн амд сөрөг нөлөөгүй гэдгийг сайн мэддэг, ойлгодог, энэ талаар мэдээлэл авч ирсэнд оршдог гэж тэрбээр хэлж байв.


Ураныг газар доор уусган облорлох технологи нь  маш ашигтайгаас гадна байгаль орчинд ямар ч хор хөнөөл, нөлөөгүй, эрсдэл багатай, тэргүүний, дэвшилтэт технологи бүхий шалгарсан арга бөгөөд үүнийг Олон улсын цөмийн энергийн агентлаг (МАГАТЭ) аюулгүй технологи гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхийн олон оронд батлаад буй шилдэг технологи юм гэдгийг онцолж байлаа.


Казахстаны Засгийн газраас ураны ашиглалтыг сэргээснээр хямралын үед ажилгүй болж байсан олон арван мянган залуучууд ураны ордын ашиглалтад, үйлдвэрлэлд оролцож иржээ. Үйлдвэрлэлийн шатанд тэднийг Франц улсад дадлагажуулан сургасан байна. “Катко” компани 1200 гаруй ажилчинтайгаас орон нутгийн иргэд 54 хувийг эзэлдэг бөгөөд тус компани нь жилд 3-4 мянган тонн уран олборлож буй томоохон уурхай юм.


Олборлолтын үйл ажиллагаа ба аюулгүй байдал: Манай улсад уран олборлох үйлдвэрлэл Казахстаны яг дээрх жишгээр эхэлж буйг  “Бадрах Энержи” компанийнхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар тус компани 104 ажилтантайгаас 96 хувь нь Монгол Улсын иргэд, 30 хувь нь орон нутгийн иргэд байна. Өнгөрсөн оны байдлаар нийт ажилтнуудад ажлын байрны болон цацрагийн аюулгүй байдлын 1584 цагийн сургалт хийж, 719 хоног ажлын осолгүй ажиллаж байгааг цацраг хамгааллын мэргэжилтэн Н.Тэнгис болон ХАБ-ын менежер С.Мөнхбаатар нар танилцууллаа.


“Бадрах Энержи” ХХК-ийн бүс нь үйлдвэрлэлийн болон уурхайн ордын кэмп гэсэн хоёр газар хуваагдаж, ажиглалтын болон хяналтын гэсэн ангилалтай. Энд салхины чиг заагч болон цацраг хэмжигч багаж, сайт дозиметртэй, хөрс, ус, мал, амьтан, ургамлаас дээж аван шалгадаг, ажилтнуудаа өдөр бүр цацрагийн аюулгүй ажиллагааны хяналтад оруулж шинжлэн сар бүр мониторинг хийж, олон улсын цацраг идэвхт үйл ажиллагааны 5 зарчим, 7 стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Туршилтын үйлдвэр дэргэдээ үйлдвэрлэлийн процессыг хянах, химийн, хээрийн лабораторитой. Энд химийн 3-4 шинжээч мэргэжилтэн өдрөөр ээлжлэн хоногт 14 төрлийн шинжилгээг хүчил, нунтаг бодис, ус зэрэг 40-50 дээжээс аван хийж, тодорхойлж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн үйл явцыг бүгдийг хамруулдаг талаар лабораторийн ахлах Ц.Болормаа тодотгов. Тус лаборатори нь ураныг газрын дор уусган олборлох технологийн үйлдвэрлэлийг хянаж буй манай улсад цорын ганц гэдгээрээ онцлог аж.


 


Хайгуулын явцад тухайн нутагт цацрагт идэвхтээс болж гажигтай төл мал гарах, малын зүй бус хорогдол нэмэгдэж байна гэсэн яриа дэгдэж, малчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гомдол, санал гарган компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж байсан. Гэвч  төр, засгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын хийсэн 3 удаагийн хяналт шалгалтаар дээрх байдал нотлогдоогүй ирсэн юм.


Тухайн бүс нутагт уран мал, амьтанд шууд болон дам байдлаар сөрөг нөлөө үзүүлсэн нь тогтоогдоогүй байна. Гэхдээ энэ бүхнийг шүүх малын эмнэлгээр эцэслэн бүрэн тогтоох ёстой ч манай улс зах зээлд шилжих үед мал эмнэлгийг хувьчлахдаа мал эмнэлгийн тогтолцоонд байсан шүүх мал эмнэлгийг орхигдуулж “гээсэн гэж шинжлэх ухааны доктор, профессор, зөвлөх эмч, академич Я.Ганболд хэлж байна. 


Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд