Казахуудын хувьд гэрийн тооно гэр бүлийн сайн сайхан, амар амгалангийн бэлгэ тэмдэг байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-30 17:02:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эсгий гэр нь нүүдэлчин ард түмнүүдийн уламжлалт, оршин суух үндэсний эсгий сууц билээ. Судлаачид эсгий гэрийг манай он тооллоос өмнөх VІІІ-V зууны үед бий болсон хэмээн үздэг.

Казахын ард түмэн ч монголчуудын нэгэн адилаар олон зууны турш эсгий гэрт амьдарч ирсэн. Казах ба монгол гэр нь гаднах харагдах байдал, загварын хувьд төстэй боловч өөрийн гэсэн онцлогтой. Хамгийн гол ялгаа нь казах гэрийн хэмжээ, багтаамж том байдаг. Хана нь гадагш матигар, унины толгой хэсгийг махир хийдэг учраас бөмбөгөр хэлбэртэй харагддаг. Голдуу 6-12 ханатай, нэг хана нь дунджаар 13-15 толгойтой, 60-110 уньтай байдаг. Унины урт нь ойролцоогоор 3-4 метрийн хооронд байна. Гэрийн хэмжээг унины үзүүр хэсэг ордог тоононы нүхний тоогоор 60, 70, 80, 90, 100, 110 толгойтой гэр гэж ангилна.


Эрт дээр үед казах түмэн эсгий гэрийг алтан орд, алтан цаваг, цагаан орд, алаг цагаан орд, өргөө цагаан гэр, бор, хонгор гэр, харавтар гэр, залуу хосуудын гэр гэж ангилж байжээ. Үүнд:

- Алтан орд нь 30 ханатай байсан бөгөөд хаад, ноёд хуралдаан хийх, гадаад, дотоодын хүндэт зочдыг угтан авах зориулалтаар ашигладаг байжээ;

- Алтан цаваг нь 24 ханатай, хааны гэр бүлийн гишүүд амьдардаг байсан;

- Цагаан орд нь 12 ханатай, дээд зиндааны хүмүүст зориулагдсан;

- Алаг цагаан орд нь 8 ханатай, баян чинээлэг гэр бүл амьдардаг;

- Өргөө цагаан гэр нь 6 ханатай баян чинээлэг гэр бүл амьдардаг;

- Бор, хонгор гэр нь 4, 5 ханатай, дундаж амьжиргаатай иргэд амьдардаг;

- Харавтар гэр – ядуучуудын гэр.

Дээр дурдсанчлан өндөр ханатай том хэмжээний гэрийг морин дээр сууж барьдаг байсан тухай баримтууд түүхэн болон уран зохиолын бүтээлүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.   


Гэр дотор тойруулан ширдэг буюу "сырмах" дэвсэнэ. Уг ширдгүүд нь олон янзын өнгөтэй эсгийг хослуулан урласан угалзан хээтэй байдаг.

Гэрийн хананы дотор талд өндрөөрөө хананы хэмжээтэй янз бүрийн тод өнгийн утсаар хээ угалз сийлэн чимэглэж, хооронд нь холбосон дэрс татна. Тухайн дэрсийг ороомог дэрс буюу "орама ши" хэмээн нэрлэдэг.  Мөн унь, хана хоёрын нийлсэн хэсэг, туурга, цаваг, тоононы эргэн тойрон зэргийг нэхмэл, сүлжмэл, хатгамлуудаар чимэглэж гоёдог. Гэрийн модон хэсгүүд ч хээ чимэгтэй, будгаар будсан байдаг.

Гэр дотор авдар, хайрцаг, дээр, хөнжил, хувцас, хунар, сав  суулгын тавиур байрлана.

Казах гэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, зүүн тал, баруун тал гэж ялгана. Гэрийн хойморт настай хүмүүс, зочид суудаг. Мөн шинээр гэрлэсэн хосуудын орыг гэрийн баруун талд засаж, хөшиг татдаг уламжлалтай. Гэрийн эзэн, эзэгтэй нарын эд зүйлсийг гэрийн зүүн талд байрлуулдаг.  Гэрийн гол дунд гал голомт тулгаа байршуулна.

Түүнээс гадна гэрийн баруун талд үүдний ойролцоо морины тоног хэрэгслүүдийг тавьдаг. Бүргэдтэй айлууд бүргэдээ суулгадаг.


Казахуудын хувьд гэрийн тооно гэр бүлийн сайн сайхан, амар амгалангийн бэлгэ тэмдэг байдаг ба маш нандин эд зүйлсийн тоонд ордог. Айлын эхнэр, нөхөр өтөлж хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа тэдний амьдарч байсан эсгий гэр айлын хамгийн бага хүүд өвлөгддөг. Эцгийнхээ гал голомтыг сахиж буй айлыг "қара шаңырақ" буюу "хар тооно" хэмээн нэрлэдэг. Айлын бусад хүүхдүүд аав, ээжийнхээ гэрийн тооно хадгалагдаж байгаа гэрийг "том гэр" хэмээн нэрлэж, алс хол газар явахдаа, ирэхдээ тухайн гэрт орж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Худ ураг бололцох зэрэг аливаа үйл ажиллагаа болоход мөн адил эцгийнхээ гэрийн тооныг өвлөж авсан хүмүүс наснаасаа үл хамааран ахан дүүсийн дунд дээгүүр эрэмбэлэгдэж, бэлэг сэлт хүртдэг, шийдвэр гаргахад оролцдог юм.   

Холбоотой мэдээ