Г.Тогос: Бид цаашид ч Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах иргэдийг бэлтгэхийн төлөө ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
болормаа@montsame.gov.mn
2022-05-23 10:31:46

-Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулав-

“Япон, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэх нь” цуврал VI


МОНЦАМЭ агентлаг Япон Улсын Элчин сайдын яамтай хамтран “Япон, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэх нь” сэдвээр шинэ контент санаачлан хоёр орны бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй залуу бизнес эрхлэгчдийг танилцуулж байгаа билээ.

Харин  энэ удаагийн цувралдаа Монголын боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн  захирал Галбадрахын Тогос болон Элчин сайд Кобаяши Хироюки нарын ярилцлагыг хүргэе.

“Шинэ Монгол” эрдмийн хүрээлэн нь сэтгэл зүтгэлтэй, чадварлаг иргэдийг хөгжүүлэхийг зорин байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жилийн хугацаанд итгэл сэтгэл, ололт амжилтаа хуримтлуулсаар эрдмийн хүрээлэн болон өргөжиж дотоодын шилдэг таван сургуулийн нэг болсон юм. 

Жил бүр тус сургуулийн хорь гаруй сурагч Япон Улсын Засгийн газрын гадаад оюутны тэтгэлэгт шалгарахаас гадна, хими, физик, математикийн олон улсын олимпиадад тэргүүн байр эзлэх зэрэг маш их хичээл зүтгэл, амжилт гаргасан төгсөгчид нь “Шинэ Монгол” Эрдмийн хүрээлэнгийн нэр төр, түүх юм.

Тэрбээр "Дэлхий дахинд амжилттай ажиллаж буй төгсөгчдийн дүр төрхийг харахад үнэхээрийн бахархам. Тохоку их сургуульд сурч эзэмшсэн хууль эрх зүй, бизнесийн удирдлага (магистр) болоод олон жил төрийн албан хашсан туршлагадаа тулгуурлан ирээдүйг нуруундаа үүрэх хүүхэд залуусыг хөгжүүлэн сургахын төлөө сургуулийнхаа менежментэд илүү анхаарч ажиллах болно" хэмээн цаашдын хүсэл эрмэлзэлээ ярьсан юм. Ингээд тэдний ярилцлагыг толилуулъя.


Элчин сайд Х.Кобаяши: "Шинэ Монгол" эрдмийн хүрээлэн нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 21 дэх жилдээ Япон хэв шинжийн сургууль гэдгээрээ Монголд танигдсан.  "Япон хэв шинжийн” гэхээр яг ямар онцлог байна вэ, танай эрдмийн хүрээлэн боловсролын ямар чиг бодлого баримтлан ажиллаж байна вэ? Түүнчлэн та цаашид боловсролын ямар бодлого барихаар зорьж байна вэ? Танай сургууль 21 жилийн турш Монголд хүлээн зөвшөөрөгдсөн шалтгааныг юу гэж харж байна вэ?

Г.Тогос: “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэн анх байгуулагдсан цагаасаа л “Улсын хөгжил хүний хөгжлөөс, хүний хөгжил чанартай боловсролоос” гэх эрхэм зорилгын дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Миний аав Жанчивын Галбадрах нь (эрдмийн хүрээлэнгийн ТУЗ-ийн дарга) энэхүү эрхэм зорилго дор сургуулиа байгуулан, бүх багш нартаа энэхүү эрхэм зорилгыг яс ойлгуулж, үйл ажиллагаандаа бодит тусгал болгох үүднээс  хамтран ажиллаж ирлээ. Мөн тус эрхэм зорилго дор улс орны хөгжилд хувь нэмэр оруулах бүхий л салбарын манлайлагчдыг бэлтгэн гаргахыг зорьж, хүүхдийн зүрх сэтгэл, оюун ухаан, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.

Сургууль байгуулагдах тухайн үед Монголд мэдлэгт суурилсан боловсролын систем голлож байсан бол хүүхдийн авьяас, оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч хэрэгжүүлэхийг зорьдог байсан Шинэ Монгол сургуулийн сургалт тухайн үедээ шинэлэг хийгээд эцэг эхийн хэрэгцээнд яв цав нийцэж байлаа. 20 жилийн турш бид энэхүү эрхэм зорилго дор сургалтаа явуулж тасралтгүй явуулж, дэлхийн түвшинд дүүлэн нисэх олон сайхан төгсөгчдийг төрүүлж чадсан түүхэн амжилтыг бүтээж чадсан билээ. Үүний үр дүнд "Шинэ Монголын сурагчид сахилга баттай, ёс зүйтэй, цаанаа л нэг өөр" хэмээн дотооддоо үнэлэгдэх үнэлэмж нэмэгдэж, Монголынхоо нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн болов уу?

Хувь захирлын хувьд, хүүхэд төвтэй сургалт л чанартай боловсролын амин сүнс хэмээн сэтгэх тул  сурагч өөрийн удирдлагатай сурдаг сургууль болгохыг зорьж байна. Мөн Монголдоо нийцсэн сургуулийн менежментийн тогтолцоог бий болгохыг зорилго тавин ажиллаж байна.


Элчин сайд Х.Кобаяши: Шинэ Монгол сургуулийг таны суралцаж байсан  Ямагата мужийн Ниши ахлах сургуулийн загварт түшиглэн таны аав Гадбадрах ерөнхийлөгч байгуулсан гэдэг. Японд амьдарч байсан төдийгүй Японы ахлах сургуульд суралцаж байсан таны хувьд Японы ахлах сургуулиас танд ямар дурсамж үлдсэн бэ?

Г.Тогос: Ниши ахлах сургуулийн сурагч болсноороо маш их бахархдаг. 2018 онд  сургуулийнхаа 120 жилийн ойн арга хэмжээнд уригдсан юм. Тэр үед хамт сурч төгссөн найзуудтайгаа уулзаж ярилахад  сургууль маань биднийг нийгэмд тодорхой хувь нэмэр оруулахын зэрэгцээ гэр бүлээ хайр халамжаар тэтгэсэн сайхан эмэгтэйчүүд болгон хүмүүжүүлжээ хэмээн ихэд сэтгэл хөдөлж билээ.

Миний хувьд Ниши ахлах сургуульд "бие даан суралцах чадвар, одоо байгаагаасаа илүү сайн өөрийгөө бүтээхийн төлөө суралцах төлөвшлийг” эзэмшсэн мэт санагддаг. Суралцах хугацаандаа сурагчид бие даан сурч, бие биенээсээ идэвхтэй суралцан хөгжүүлж байснаа сайн санаж байна. Би ч бас өөрийн онцлог давуу тал, авьяас чадвараа нээн илрүүлж, ирээдүйд ямар хүн болохыг хүсч буйгаа тунгаах завшаан олдсон юм. Цаашилбал, элсэж орсон драмын дугуйландаа хамтын уран бүтээлийн амт, гайхамшгийг олж мэдсэн билээ. Олны өмнө ярихдаа сул байсан ч төрөл бүрийн илтгэлийн уралдаанд оролцож, сайтар тунгаасны эцэст бодлоо бусдад оновчтой илэрхийлж ойлгуулах чадвар суулгахыг зорьж хичээсэн өдрүүд байжээ. Сургуулийн баяр дээр найзуудтайгаа тайзан дээр дуулж байснаа ч санахад дурсамжтай сайхан байна.


Элчин сайд Х.Кобаяши: "Шинэ Монгол" ахлах сургуулийн нэг онцлог нь "карьер хөгжлийн төв"-тэйд байдаг. Сургуулийн зүгээс сурагчид ажил мэргэжлийн чиг баримжаагаа олоход нь дэмжлэг үзүүлэхэд анхаарч байгаагийн учир юу вэ?

Г.Тогос: Бидний анхнаасаа Монгол Улсын хөгжлийг нуруундаа үүрч явах манлайлагчдыг бэлтгэн гаргахыг зорьсон тул төгсөгчид маань үргэлжлүүлээд  сайн дээд боловсрол эзэмших нь чухал байдаг. 1 дэх үеийн төгсөлтөөс л аав маань (тухайн үеийн захирал) ивээн тэтгэгчтэй болж төгсөгчдөө гадаадад суралцах тэтгэлэг авах боломжийг бий болгохын төлөө анхааран ажиллаж, үр дүнд нь төгсөгчдөө тэтгэлэгтэйгээр Японд суралцах гарцыг нээж гайхалтай амжилтыг бүтээж чадсан юм. Тухайн үед Тохокү их сургуулийн 3-р курсын оюутан байсан миний бие 1 дэх үеийн төгсөгчдийг Японд тосон авч, тэднийг төлөөлөн шалгалтанд шаардлагатай бичиг баримтыг хөөцөлдөн, ярилцлагад бэлдүүлэх зэрэг шалгалт өгөх өдрөөс шалгалтын дүн гарах хүртэл хамтдаа бэлтгэн Япон дахь хичээл хийгээд амьдралд дадах сэтгэл зүйн бэлтгэлийг хийсэн билээ. Миний хийж байсан дэмжлэг үзүүлэх ажлыг 2 дох төгсөлтийн үеэс аавын удирдлага дор сургууль өөрөө хэрэгжүүлдэг болов.  Үүний дараа манай сургуульд япон хэлний багшаар ажиллаж байсан Имаи болон дүү Суурь нарын санаачилгаар "Карьер хөгжлийн төв"-ийг 2014 онд байгуулж, ийнхүү дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг явуулах зохион байгуулалттайгаар хийдэг тогтолцоог бий болгосон билээ. Тус төв нь Японоос гадна бусад оронд ч суралцахад дэмжлэг үзүүлээд зогсохгүй суралцаж буй сурагчдад ч ирээдүйн ажил мэргэжлээ оновчтой сонгоход нь дэмжлэг үзүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулиудаас  зөвхөн манай сургуульд л карьер хөгжлийн төв байдаг ч бусад сургуулиудад ч мөн адил байгуулагдаасай гэж хүсдэг юм.


Элчин сайд Х.Кобаяши: "Шинэ Монгол" Эрдмийн Хүрээлэн нь Япон Улсын их дээд сургуулиудтай холбоо тогтоон, тэтгэлэг хөтөлбөрт хамруулах тал дээр ч анхаарч ажиллаж байгаа харагддаг. Монгол оюутнуудын чадварыг Япон талын байгууллагуудад танилцуулан, тэднээс хамтран ажиллахыг хүсэхдээ, ямар зүйлд түлхүү анхаардаг вэ? Хэрхэн хүлээн авдаг вэ?

Г.Тогос: Япон талын хамтрагчид "Шинэ Монголын төгсөгчид асар их хүсэл тэмүүлэлтэй" гэж ярьдаг. Хамтрагч сургуулиуд  Япон оюутнуудад дутагдаад байгаа ийм сэтгэлгээг чухалчлан, бидний санал хүсэлтийг дэмжин хүлээн авч тусламжийн гараа сунгадаг болов уу. Шинэ Монголын төгсөгчдийн  хүсэл тэмүүллийг өндрөөр үнэлж, өнөөг хүртэл дэмжин, олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрийн ивээн тэтгэгч болсон Япон Улсын их дээд сургуулиуд, байгууллагуудад маш их талархаж явдаг даа. Захирлын хувьд миний үүрэг бол өдийг хүртэл дэмжиж байгаа хамтрагчдынхаа итгэл найдварыг алдалгүй, сурагчдаа тууштай суралцан шаргуу хөдөлмөрлөж цаашдаа Монгол эх орныхоо хөгжилд хувь нэмэр болохуйц хүмүүн болгон төлөвшүүлэх явдал гэж боддог.


Элчин сайд Х.Кобаяши: Та 2017 оноос "Шинэ Монгол" Эрдмийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар, өнгөрсөн оны 2 дугаар сараас эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсон. Таныг хуульч мэргэжилтэй гэж сонссон ч боловсролын удирдлагын чиглэлээр ажиллах болсон шалтгаан юу вэ?

Г.Тогос: Би Тохокугийн их сургуулийн хуулийн факультетыг төгсөөд Монголдоо буцаж ирээд УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЖАЙКА болон Дээд шүүхийн хамтарсан төсөл гэх мэт хуулийн салбарт төрийн албан хаагчаар ажилласан билээ. Хувь хүнийхээ хувьд, би хуулийг тайлбарлах, хэрэглэх замаар хүний ​​эрх, үүргийг тодорхойлох гэхээсээ илүү чөлөөтэй уян хатан арга барилаар хүмүүст харилцан ашигтай эрх зүйн харилцааг бий болгож чадах менежментэд илүү сонирхолтой байсан. Тиймээс Кюүшюүгийн их сургуулийн хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан ч, хажуугаар нь бизнес удирдлагын магистрантурт суралцан төгссөн. Ингээд цаашдын карьераа менежментийн чиглэлээр илүүтэйгээр хөгжүүлье гэж бодох болсон яг тэр үед аав маань "Шинэ Монгол" Эрдмийн Хүрээлэнг ерөнхий боловсролын сургууль төдийгүй цэцэрлэг, техникийн коллеж, дээд сургуулийг хамарсан боловсролын цогц институт болгож өргөжүүлсэн тул менежментийн тал дээр туслаач хэмээн санал тавьсан юм. Өнөөг хүртэл судалж, ажиллаж байгаагүй салбарт хөл тавих болсон ч, хууль, менежментийн мэдлэгээ ашиглаж, боловсролын салбарын онцлогийг давхар судлан ажиллаж байна. Хэдийгээр сургууль бол нийтийн эрх ашгийн төлөөх байгууллага ч сайн менежменттэй байвал, тогтвортой хөгжилд хүрч чадах сошиал-бизнес болж чадна гэдэгт би итгэлтэй байна.


Элчин сайд Х.Кобаяши: Шинэ төрлийн коронавирусын тархалт дэлхий дахинд хүүхдийн боловсрол, сурах орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн. Сурлагын хоцрогдлыг арилгахын тулд  "Шинэ Монгол" Ерөнхий боловсролын сургууль ямар арга хэмжээ авч байна бэ?

Г.Тогос: Онлайн хичээл явуулахдаа "Шинэ Монгол" Эрдмийн Хүрээлэнгийн зөвлөх Д.Гантуул багшийн удирдлага дор цахим сургалтын платформыг нэвтрүүлсэн. Эхлээд интерактив тоглоом, сорил агуулсан видео хичээлээр хүүхдүүдэд үндсэн ойлголтыг өгсний дараагаар  багш, хүүхдүүд хамтран даалгавар гүйцэтгэх гэх тонгоруу хэлбэрийн сургалтыг чухалчилсан. Багш нар ч хүүхдүүдийн сурлагын хоцрогдол гаргахгүй байя хэмээн цахим ур чадвараа нөр их хөдөлмөрөөр сайжруулан, хичээл зүтгэл гаргаж, хичээлийн бэлтгэлд олон цаг зарцуулж чадсан нь харьцангуй хоцрогдол багатай даван туулах үндэс болосон болов уу гэж бодож байна.


Элчин сайд Х.Кобаяши: Боловсрол бол нийгэмд зайлшгүй шаардлагатай зөөлөн дэд бүтэц бөгөөд боловсролын байгууламж нь суурь дэд бүтэц ч болдог. Зөөлөн ба суурь дэд бүтцийн тал дээр Монгол, Япон хоёр орон хамтран ажиллах боломж хэр байна вэ?

Г.Тогос: Коронагаас үүдэлтэй хичээлийн хоцрогдлыг нь хүүхдүүдийн бие даан суралцах чадвар, хоцрогдлоо өөрөө арилгах хүсэл эрмэлзлээс ихээхэн хамаарна  гэж итгэдэг. Хүсэл эрмэлзэлтэй болсон хүүхэд ашиглахад тохиромжтой бие даан суралцах сургалтын материалууд Монголд төдийлөн сайн олддоггүй бол энэ тал дээр арвин туршлагатай Япон улстай хамтран энэ салбарыг хөгжүүлэх хүсэлтэй байна. Манай сургууль математик, байгалийн ухааны бие даан суралцах сурах бичгийг орчуулан, хэвлүүлэх зорилгоор Японы хэвлэлийн газраас орчуулгын эрх авахаар гэрээ байгуулах шатандаа явж байна.

Орчуулгын тухайд төгсөгчидтөгээ хамтран ажиллах гэж байна. Энэхүү бие даан суралцах хэрэглэгдэхүүнийг орчуулах, түгээн дэлгэрүүлэхэд ЭСЯ-ны зүгээс хамтран ажиллавал бид баяртай байх болно. Мөн тэтгэврийн амралтандаа гарсан ч “Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн”-д ажиллаж байсан Ватанүки багш, Сүзүки багш, Катаяма багш нарын шавь нартаа үзүүлж буй үр нөлөөг мэдрэх тусам, гайхалтай чадвар мэдлэг, туршлагатай ахмад япон багш нар монгол залуусын хөгжилд хувь нэмрээ оруулах маш их нөөц боломж байгаа гэж дүгнэдэг. Ялангуяа Технологийн коллежийн сургалтын тогтолцоог Япон улс бодлогоорманай улсад нэвтрүүлж буй тул уг тогтолцоонд нэвтэрхий Япон ахмад багш нар Монголд ирж ажиллуулахад дэмжлэг үзүүлвэл уг тогтолцоо жинхэнэ үр дүнгээ үзүүлэх болов уу. Мэдээж хоёр орны амьдрах орчны хувьд ялгаатай ч, дээрх гурван багш нар олон олон шавь нараараа хайрлуулж, Монголд хөгжилтэй, сайхан амьдарч байгааг харах сайхан байдаг.  Түүнчлэн, “Шинэ Монгол” Эрдмийн хүрээлэнд сайн дурын багш гадаад нарын хэрэгцээнд монголд амьдрахад нь хэрэгтэй мэдээллийг нэгтгэсэн гарын авлага бэлдсэн байдаг. Зөвхөн боловсролын салбар төдийгүй, ахмад сайн дурын багш нар өөрийнхөө үнэ цэнтэй арга туршлагаа хуваалцаж, залуусын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэх болов уу гэж боддог. Сайн дурынхны ур чадвар, мэдлэг, туршлага нь хувийн компани, төрийн бус байгууллагууд зэрэг олон салбарт хэрэгтэй байна. Хоёр орны ирээдүйн харилцааг үргэлжлүүлэн авч явах хүүхэд залуусыг хүмүүжүүлэхэд Японы ахмад сайн дурынхны туслалцааг зайлшгүй хэрэгтэй санагддаг.


Г.Тогос: Япон улс Монголын боловсролын салбарт өнөөг хүртэл нэлээдгүй олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн билээ.  Боловсролын салбар дахь ирээдүйн төлөвлөгөөний талаар дурдана уу?

Элчин сайд Х.Кобаяши: Дэд бүтцийн тал дээр Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын төвийн 59 бага, дунд сургуулийн барилгыг шинээр өргөтгөн барьсан. Мөн “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн төслөөр Монголын бүх бага, дунд сургуулийн барилгын засвар, дотуур байрыг шинэчлэн засварлах, цэцэрлэгийн барилгын засварлан өргөтгөх гэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Боловсрол хүний нөөцийн тал дээр Монголоос дадлагажигчдыг хүлээн авах, Монгол руу хилийн чанад дахь сайн дурынхан, мэргэжилтнүүдийг илгээх, Японы засгийн газрын тэтгэлгийн тогтолцоо, Хүний нөөцийг хөгжлүүлэх JDS хөтөлбөр, Инженер технологийн дээд боловсролыг дэмжих гэх зэрэг төслүүдээр дамжуулан, Монголын хүний нөөцийг хөгжүүлэхэд тасралтгүй дэмжсээр ирсэн. Цаашид Монгол улсын засгийн газрын хүсэлтийг үндэслэн Монголын хэрэгцээ шаардлагад нийцсэн дэмжлэг үзүүлж, Монгол Улсын хөгжил болоод хоёр орны харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм болж чадвал бид баяртай байх болно.


Элчин сайд Х.Кобаяши: Эцэст нь Японд суралцахаар зорьж буй залууст зөвлөгөө өгнө үү?

Г.Тогос: Би Япон улсыг иргэн бүр нь эх оронч үзэлдээ суурилан эх орноо богино хугацаанд үсрэнгүй хөгжүүлж чадсан улс, энэ утгаараа манай орны хувьд “ахмад” улс гэж боддог. Залуустаа хандаж хэлэхэд Японд суралцах нь эх орныхоо төлөө өөрийгөө зориулах сэтгэл, өөрийгөө дайчлах чадварыг сайтар суралцахын зэрэгцээ, чанартай боловсрол эзэмших ховорхон боломж гэж ухамсарлаарай. Ийм ухамсартайгаар суралцаж, Монгол эх орноо Япон шиг амьдрахад тав тухтай, иргэддээ ээлтэй улс болгохын төлөө хичээнгүйлэн өөрийгөө хөгжүүлээрэй. Мөн хоёр орны харилцан ойлголцол, харилцан эерэг нөлөө үзүүлэхүйц хамтын ажиллагааг бий болгоход хувь нэмрээ оруулахын төлөө салбар салбартаа зүрх сэтгэл, эрдэм чадлаа зориулаарай гэж захимаар байна.



Холбоотой мэдээ