"Үндэсний бичиг соёл, номын өдөр-2022" Дархан хотод болж байна

ОРОН НУТАГТ | Дархан-Уул
174@montsame.mn
2022-05-21 14:36:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” үйл ажиллагааг улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж байна. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд  залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой 31 дэх удаагийн номын баяр Найрамдал талбайд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, Төв номын сангийн захирал Б.Цэцэгсүрэн нарын албаны төлөөлөл оролцлоо.

Номын баярт соёл, урлагийн байгууллагууд, ЕБС, СӨББ-ууд болон ахмадын төлөөлөл зэрэг 20 гаруй байгууллага оролцож байна. Ахмадууд хуучин номын үзэсгэлэн гаргаж хүүхэд багачуудад ном унших ач тусын тухай ярилцаж байгаа бол номын худалдаа эрхлэгч дэлгүүрүүд шинэ номын хямдралтай худалдааг зохион байгуулж байна. Түүнчлэн ЕБС болон СӨББ-ын тэргүүний уншигч хүүхдүүд, ном соёлыг түгээгч шилдэг байгууллагыг тодруулж шагнан урамшууллаа.

Ном соёлыг түгээгч Шилдэг байгууллагаар А.Янжмаа даргатай “Ахмадын хөгжлийн төв”-ийн номын сан, Ц.Батбаатар захиралтай  ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль тодорчээ. Харин Тэргүүний Уншигч хүүхдээр Отгонхүүгийн Эрдэнэбилэг  /Политехникийн коллежийн оюутан/, Тэргүүний  Уншигч хамт олноор 16 дугаар сургуулийн Ц.Хорлоо багштай 10в анги, Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн Э.Бат-Эрдэнэ багштай 4-3 ангийн  хамт олон шалгарлаа. Мөн тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгээр  15-р сургуулийн 4в ангийн сурагч Батмөнхийн Цолмон, нэгдүгээр сургуулийн 2д ангийн сурагч Нямбаярын Энхпүрэв, 16 дугаар сургуулийн 5б ангийн сурагч Сумъяа, тэргүүний уншигч хамт олноор 16 дугаар сургуулийн Жаргалсайхан багштай 5а ангийн хамт олон тодорч, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг угтан аймгийн Төв номын сангаас зохион байгуулсан “Миний анхны ном” ном бүтээх уралдаан зарлаж амжилттай оролцсон хүүхэд, багачуудыг алдаршуулж шагнан урамшууллаа. УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 31 дэх удаагийн номын баяр амралтын өдрүүдэд Дархан хотноо үргэлжилнэ.

 

 

Холбоотой мэдээ