Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны үеийнхээс 3 дахин нэмэгджээ

ОРОН НУТАГТ | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2022-05-17 15:47:05

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсээр байна. Өнгөрсөн оны мөн үед гэр бүлийн хүчирхийллийн 7 тохиолдол Цагдаагийн газарт бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 21 тохиолдол бүртгэгдэж өмнөх оноос 3 дахин нэмэгджээ. Тус аймагт нийт 39852 өрх байдаг бөгөөд 1312 өрх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ.

Эрсдэлтэй өрхүүдэд 3125 насанд хүрэгч, 3361 хүүхэд байдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэл гарч буй шалтгаан нь архидалтаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас хэлж байлаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн орчин дахь архидалтын улмаас хүүхэд сэтгэл санаа болон бие махбодийн хүчирхийлэлд өртдөг байна. Тодруулбал  52,3 хувь нь  эцэг, 14,4 хувь нь эх, 4,8 хувь үе тэнгийнхэн, 3,2 хувь нь авга ах, 25,3 хувь нь бусад гэсэн байна.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй иргэдийн 56 хувь нь эрхэлсэн ажилгүй,  25 хувь нь  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 9 хувь нь төрийн албанд ажилладаг гэсэн судалгаа гарчээ. Иймээс таны хөрш айл, таньдаг хүн чинь хүүхдийн дэргэд архи ууж согтуурч байвал Цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэйг зөвлөлөө. Энэ нь хэдийгээр таньд хамааралгүй боловч цаашид хэн нэгэн хүчирхийлэлд өртөх, болзошгүй эрсдэлээс сэргийлэн амь аюулд учрахаас хамгаалах боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн ГБХЗХГ, Цагдаагийн газрын мэргэжилтнүүд анхааруулан сэрэмжлүүлэв.


Холбоотой мэдээ