Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-05-15 17:29:26

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн зургаан сумын сургууль, цэцэрлэгийн гал тогоонд иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.

Манай аймаг сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах бодлого барьж ажиллаж байгаа. Энэ бодлогын хүрээнд Завханмандал, Отгон, Эрдэнэхайрхан, Сонгино сумын ерөнхий боловсролын сургууль, Нөмрөг сумын цэцэрлэг, Улиастай сумын VI цэцэрлэгийн гал тогоонд тоног төхөөрөмж гардуулан өгөөд байна. Ялангуяа дээрх сургууль, цэцэрлэгийн гал тогоонд нэн шаардлагатай, хамгийн их хэрэгцээтэй байсан I, II дугаар хоолны тогоо, цахилгаан жигнүүр, цахилгаан пийшин, аяга таваг ариутгагч зэрэг нийт 118,0 сая төгрөгийн өртөг бүхий цахилгаан тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал гардуулан өглөө.

Дээрх сургууль, цэцэрлэгүүд нь ердийн галлагаатай пийшин дээр хоол үйлдвэрлэлээ явуулж байсан. Тэгвэл гал тогооны цахилгаан тоног төхөөрөмжтэй болсноор хүүхдүүдийн үдийн цай болон цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол үйлдвэрлэлийн технологи, ажилчдын бүтээмж ч сайжрах юм. Дээрх тоног төхөөрөмжүүдийг орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр шийдвэрлэсэн. Цаашид “Үдийн хоол” үйл ажиллагааны хүрээнд сургуулийн хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шат дараатай шинэчилж, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг хэрэгжүүлнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ