Финланд, Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ албан ёсоор гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-16 10:05:35

СТОКОЛМ. /RIA Novosti/. Швед улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ өгөх шийдвэрийг албан ёсоор гаргасан тухай тус улсын эрх баригч Социал-демократ нам мэдэгджээ.


“2022 оны тавдугаар сарын 15-ны өдөр Социал-демократ намын удирдах зөвлөл Шведийг НАТО-д элсүүлэх хүсэлт гаргахын төлөө ажиллах шийдвэр гаргалаа” гэж намын албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.


Шведийн эрх баригч нам НАТО-д элсэх шийдвэрийг нутаг дэвсгэрт нь цөмийн зэвсэг, байнгын цэргийн бааз байрлуулах ёсгүй гэсэн нөхцөлтэйгөөр дэмжжээ. 


Ням гарагт Финланд улс мөн Умард Атлантын эвсэлд нэгдэх шийдвэрийг албан ёсоор гаргасан байна. Финландад энэ хүсэлтийг албан ёсны болгох дотоодын үйл явц үндсэндээ дууссан бол Шведэд эрх баригч нам нь зарчмын хувьд шийдвэр гаргасан боловч албан ёсоор баталгаажих явц хараахан дуусаагүй байна. 


Тус хоёр улс Украинд эхлүүлсэн Оросын "тусгай ажиллагаатай" холбогдуулан олон жил баримталж ирсэн төвийг сахих бодлогоосоо татгалзаж, НАТО-д элсэх талаар ярьж эхэлсэн юм. НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг мэдэгдэхдээ, Финланд, Швед улсуудыг эгнээндээ нэгтгэхдээ баяртай байх бөгөөд түргэн элсэх боломжоор хангана гэжээ. 


Харин ОХУ НАТО сөргөлдөөнд чиглэж байна гэж удаа дараа мэдэгдсэн байна. Тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, эвслийг цаашид тэлэх нь Европыг илүү их аюулгүй болгоход тус дөхөм үзүүлэхгүй хэмээгээд НАТО түрэмгий шинж чанартай байгааг цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Швед, Финланд улсууд НАТО-д элсэж магадгүй байгааг ОХУ бодитоор учирч буй аюул гэж үзэхгүй байна гэж мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ