Японы Гадаад хэргийн сайдын айлчлал: Хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлнэ

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2022-05-04 11:13:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.


Тэрбээр 5 дугаар сарын 1-ний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд энэ үеэр хэд хэдэн зүйлийг хөндөж ярилцсан байна. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “КОВИД-19” цар тахлын эсрэг тэмцэхэд Японоос өгсөн вакцины үр дүн чухал нөлөө үзүүлсэн хэмээгээд талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг тогтвортой ажиллахад тус улсыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хүсчээ.  Мөн хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийг ойг тохиолдуулан 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, уг түүхэн ойгоор хийж буй Японы Гадаад хэргийн сайдын айлчлал нь хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм хэмээгээд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бүрэн ашиглах саналтай байгаагаа илэрхийлжээ.


Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны 2017-2021 оны хөтөлбөр бүрэн амжилттай хэрэгжсэн гэж айлчлалын хүрээнд дүгнэсэн байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус улсын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд япон хэлний боловсролын салбарт “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн лаборатори 23 дугаар сургуулийн япон хэлний сурах орчинг сайжруулах хөтөлбөр”-ийг 2017 онд, “Мэргэд” лаборатори сургуулийн япон хэлний танхимыг тохижуулах төсөл”-ийг 2020 онд тус тус хэрэгжүүлжээ.


Хөтөлбөрийн спортын салбарт л гэхэд, тус улсын Хөлбөмбөгийн холбоотой хамтарсан “Олон улсын дасгалжуулагч бэлтгэх сургалт”-ын хөтөлбөрт Монголын төлөөлөл 2018 оны 7 дугаар сард хамрагдсан байх жишээтэй.  Мөн чиглэлээр  “Дасгалжуулагч бэлтгэх сургалт”-ыг 2018, 2019 онд тус тус зохион байгуулж, энэ хүрээнд Японы хөлбөмбөгийн холбооны техникийн зөвлөлийн гишүүн Кимүра 2018 оны 3 дугаар сард Монголд ирж ажилласан байна.


Эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааны хүрээнд ч цөөнгүй арга хэмжээг хэрэгжүүлжээ. Тухайлбал, судлаачдын хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд 297 судлаач, мэргэжил дээшлүүлэх сургалтад 891 судлаач, 2018 онд 284 судлаач,  мэргэжил дээшлүүлэх сургалтад 968 судлаач, 2019 онд 248 судлаач, мэргэжил дээшлүүлэх сургалтад 745 судлаач тус тус хамрагдсан аж.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол судлалын Үндэсний зөвлөл Япон дахь монгол судлалыг дэмжих зорилгоор 2018 онд “Япон дахь Монгол судлалын нийгэмлэг”-т  20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байх жишээтэй.


Техникийн хамтын ажиллагаа (ЖАЙКА)-ны хүрээнд “Япон-Монголын сургалтын эмнэлгийн хүний нөөцийг чадавхжуулах, менежментийг төгөлдөржүүлэх төсөл”, “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2017 оны 3 дугаар сараас 2022 оны 3 дугаар сард хэрэгжүүлсэн байна. Эрүүл мэндийн технологийг олон улсын түвшинд дэмжих төсөлд 2017-2020 онд нийт 11 эрүүл мэндийн байгууллагыг хамруулжээ. Уг төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарын 45 ажилтан хүлээн авч дадлага хийлгэж, цахим болон танхимын сургалтад 950 хүн хамрагдсан байна.


Энэ мэт олон олон салбарт тодорхой амжилт үзүүлсэн байх тул Стратегийн түншлэлийн Дунд хугацааны 2017-2021 оны хөтөлбөр үндсэндээ бүрэн хэрэгжсэн гэж талууд үзсэн байна.


Геополитикийн нөхцөл байдлаараа огт өөр хоёр улс хэдий ч “Эрх чөлөө ба ардчиллын үзэл санаа” агуулсан анд нөхөр, мөн “Гуравдагч хөрш”-ийн хувиар Япон Улс цаашид ч Монгол Улстай хамтдаа байхыг хүсэж байна. 

(Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшигийн

айлчлалын өмнө монголчуудад хандан бичсэн нийтлэлээс) 


Цаашид Монгол, Японы дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжсон, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, батлан хамгаалах салбар, иргэдийг хамарсан өргөн хүрээтэй байх нь тодорхой болжээ.  Тиймээс стратегийн түншлэлийн харилцааг хоёр улс гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон байна. Энэ түншлэлийн дунд хугацааны 2022-2026 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийг хоёр талдаа сайтар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан, бодитой хамтын ажиллагааг тусгасан агуулгатай байгуулахаар тогтжээ.


Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Түүгээр зогсохгүй Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, хөгжил цэцэглэлийг хангахын төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа тодорхой болгосон аж.


Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр 2001 онд эхэлснээс хойш манай улсын 360 залуу боловсон хүчин Япон Улсын Их, дээд сургуулийн магистр, докторантурын сургалтад хамрагджээ. Япон Улсын Засгийн газар уг хөтөлбөрт зориулж 2022 онд 263 сая иенийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.


Түүнчлэн бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, тэр дундаа БНАСАУ болон Украины асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нар санал солилсон аж. Энэ талаар “Украинд нэн даруй гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь зөв гэдэг байр суурийг Монголын тал илэрхийлсэн. ОХУ, Украины нөхцөл байдал нь Ази болон дэлхийд тогтсон хэв журмыг өөрчлөхүйц ноцтой зүйл тул олон улсын хамтын ажиллагаа маш чухал гэдгийг Японы Гадаад хэргийн сайд хэллээ” гэж Японы Гадаад хэргийн яамны албан мэдээллийг иш татан Kyodo агентлаг мэдээлжээ.


Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэр энэхүү айлчлал нь Япон, Монголын Стратегийн түншлэл өндөр төвшинд хөгжиж байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Монгол Улсад айлчлахыг урьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг Япон улс дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран ажиллах хэлбэрээ судалж байгааг ноён Ё.Хаяши онцолжээ. 


Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасатай уулзах үеэрээ Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт татах, ноу-хау, өндөр технологийг нутагшуулах, Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон байна.


Япон Улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийсэн энэ удаагийн албан ёсны айлчлал нь хоёр орны стратегийн харилцааг бэхжүүлэх, шинэ төвшинд гаргахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн, дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахлын дараах улс төр, эдийн засгийн харилцааг сэргээх түүхэн ач холбогдолтой айлчлал боллоо хэмээн хоёр тал дүгнэж байна.

Холбоотой мэдээ