Сүүлчийн цочир хүйтрэлт ажиглагдах 5 дугаар сар

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-05-02 10:16:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2022 оны 5 дугаар   сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор ОЖД утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг илэрхийлдэг.  


Хаврын тариалалт нь байгаль цаг уурын өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай. Ялангуяа хаврын сүүлийн цочир хүйтрэлтийн хугацаа тариалалтад ихээхэн чухал юм. Ер нь газар тариалан эрхэлдэг хүмүүс байгаль цаг уурын өөрчлөлттэй дасан зохицож, тариалалтаа зарим жил 4 дүгээр сараас тавдугаар сарын эхээр эхэлж, зарим жил бүр зургадугаар сард эхэлдэг. Цочир хүйтрэлтийг агаарын хамгийн бага температурын утгаас температур тогтвортой дулаарсан үед өөрөөр хэлбэл 0 градусаас дээш орсон тохиолдлын хугацааг түүвэрлэн авдаг ажЦаг уурын станцын 1981–2020 оны хаврын саруудад ажиглагдсан сүүлийн цочир хүйтрэлт Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутагт 5 дугаар сарын 5 ба түүнээс хожуу сүүлчийн цочир хүйтрэлт ажиглагддаг байна. Говийн нутгаар 4 дүгээр сарын 15 ба түүнээс хойш сүүлчийн цочир хүйтрэлт ажиглагддаг. Бусад нутгаар 5 дугаар сарын 05–30 – ны хооронд сүүлчийн цочир хүйтрэлт ажиглагддаг ажээ.


Сарын агаарын дундаж температур


Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0…8 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 12...20 хэм, бусад нутгаар 8...12 хэм 5 дугаар сарын агаарын температурын ОЖД нь дулаан байдагТавдугаар сарын агаарын дундаж температур 1979–1982, 2014–2016 оны хооронд дараалан ОЖД-аас хүйтэн байжээ. Харин 1995 оны 5-р сард ОЖД-аас 3 хэмээрр хүйтэн байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн хүйтэн 5 дугаар сар болжээ. Хамгийн дулаан буюу ОЖД-аас 2.1 хэмээр дулаан  5 дугаар сар 2017 онд болсон гэж тэмдэглэгдсэн  байна.

Сарын нийлбэр хур тунадас (цас, бороо Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15–30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–15 мм ордог.


Цас, бороо (хур тунадас) 1979–1987, 1993–1996 онуудад дараалан ОЖД-аас бага байсан аж.ОЖД-аас энэ сард харьцангуй ахиу хур тунадас (цас, бороо орсон байна. 2018 оны 5-р сард нийт нутгийн дунджаар ОЖД-аас 8.5 мм-ээр бага тунадас (цас, бороо)  оржээ. Энэ нь түүхэн дэх хамгийн бага тунадастай(цас, бороо)  5-р сар болсон байна. Харин  2003 оны 5-р сард ОЖД-аас 17.6 мм-ээр ахиу тунадас (цас, бороо орсон нь 1979 оноос хойших хамгийн ахиу тунадас (цас, бороо)-тай  5-р сар болсон байна. 


Гал түймрээс болгоомжлоорой


Тавдугаар сард Алтайн уулархаг нутгаар ОЖД-аас хүйтэн байх ба Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв гасан аж. Ийм төлөв байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Харин зүүн аймгуудын ихэнх нутгаар агаарын температур ОЖД-аас дулаан байх ба хур тунадас (цас, бороо) бага байх төлөв гарчээ. Иймд  хаврын хуурайшил, гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг сэрэмжлүүлсэн  байх юм. Сарын хоёрдугаар арав хоногийн туршид ихэнх нутгаар сэрүүсэх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас (цас, бороо) орох төлөвтэй гэжээ. Мөн дурдсан үеүдэд салхины хурд ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулсан байна.


Бүс нутгийн цаг агаарын төлөв 


Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увсын баруун, Ховдын ихэнх, Говь-Алтайн төв хэсэг болон Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим. Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр хур тунадас  ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим  байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр дулаарна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн дунд буюу сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас (цас, бороо) орно. Энэ үеэр салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 хэмээр дулаарна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн дунд буюу сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн, Дорнодын нутаг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас (цас, бороо)  Хэнтийн ихэнх, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр дулаарна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим (Зураг 6), хур тунадас Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 хэмээр дулаарна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Энэ үеэр салхи ширүүсч 14–16 м/с хүрэх буюу зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй гэжээ.

Холбоотой мэдээ