“iPhone” үйлдвэрлэгч компани үйл ажиллагаагаа түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-13 16:21:16

ШАНХАЙ. /BBC/. Америкийн “Apple” компанийн “iPhone” гар утасны гол үйлдвэрлэгч технологийн компани БНХАУ-ын Шанхай хотод тогтоосон хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа түр зогсоож буйгаа мэдэгджээ.


Тодруулбал, Pegatronкомпани Хятад дахь хоёр үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийг түр зогсоож байгаа талаараа мэдээлжээ. Шанхайд коронавирустэй тэмцэх зарим хязгаарлалтыг мягмар гарагт сулруулсны дараа энэхүү мэдэгдэл гарсан байна.


Хятадын үйлдвэрлэл, санхүүгийн төв гэгддэг Шанхай хотод өвчлөл нэмэгдсэний улмаас гуравдугаар сарын сүүлээс хойш хөл хорио тогтоогоод байгаа юм. Харин мягмар гаргаас 25 сая оршин суугчийн зарим хэсэг нь гадуур гарах боломжтой болсон байна.


Pegatron” компанийн мэдээлснээр, “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх шаардлагуудын улмаас Шанхай дахь болон Куньшань хотын ойролцоох үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд аль болох ойрын хугацаанд үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхийн тулд эрх баригчидтай хамтран ажиллах ажээ.


Үүний зэрэгцээ “Apple” компанийн “MacBook” зөөврийн компьютерийн гол үйлдвэрлэгч “Quanta” компани, “iPad”-ын үйлдвэрлэгч “Compal Electronics” компани мөн Хятадын хотууд дахь үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа талаар Японы “Nikkei” сонинд мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ