“Honda”, “GM” хамтран цахилгаан тээврийн хэрэгслүүд бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-06 17:00:39

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани Америкийн “General Motors” компанитай хамтран боломжийн үнэтэй цахилгаан тээврийн хэрэгслүүд бүтээж,  Хойд Америкт 2027 оноос эхлэн худалдаалж эхэлнэ гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.


Шинэ цахилгаан тээврийн хэрэгслүүд нь шинэ үеийн лити-ион цэнэг хураагууртай байх бөгөөд үнийн хувьд 30 мянган ам.доллароос бага байх төлөвтэй байна. “Honda, GM олон сая тээврийн хэрэгслээ үйлдвэрүүддээ үйлдвэрлэхээс гадна цэнэг хураагуурын шинэ технологи дээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.


Honda Motor” компанийн гүйцэтгэх захирал Тошихиро Мибэ хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр, “Honda, GM компаниуд цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтыг эрс нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахын тулд хамтран ажиллана” хэмээн мэдэгдсэн байна.


GM” компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Мэри Баррагийн хувьд, “Бид дэлхийн хэмжээнд, тэр дундаа Хойд Америк, Өмнөд Америк, Хятад зэрэг гол зах зээлүүддээ боломжийн үнэтэй, хэрэгцээ шаардлагад нийцсэн цахилгаан тээврийн хэрэгслүүдийг нийлүүлэхийн төлөө хамгийн сайн технологи, дизайн, үйлдвэрлэлийн стратегиа хослуулна” гэж хэлжээ.


Дэлхийн автомашины томоохон үйлдвэрлэгчид болох “Toyota Motor”, “Volkswagen” компаниуд мөн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг ойрын хэдэн арван жилийн дотор тэглэх дэлхий дахины хүчин чармайлттай уялдуулан хэрэглэгчдэд санал болгох цахилгаан тээврийн хэрэгслүүдийнхээ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.


Honda” компанийн хувьд цахилгаан тээврийн хэрэгслийн бизнесийн салбарт түншлэлийн харилцааг бий болгоход ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд гуравдугаар сард “Sony” групптэй хамтран цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр тохиролцсоноо мэдэгджээ. "Honda" нь 2040 он гэхэд дэлхий даяар борлуулах бүх шинэ тээврийн хэрэгслээ цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилт дэвшүүлээд байгаа ажээ.  

Холбоотой мэдээ