Нөөцийн махыг өргөтгөсөн худалдаагаар үргэлжлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын иргэдийн хаврын хүнсний хэрэглээнд 23 ААН нийт 12.6 мянган тонн нөөцийн мах бэлтгээд байна. Өнгөрсөн сарын 25-наас хүнсний 463 дэлгүүрт эхэлсэн нөөцийн махны худалгаагаар үхрийн ястай мах кг-ыг 8900 төгрөгөөр, хонины махыг кг-ыг нь 8300 төгрөгөөр, ямааны махыг 7100 төгрөгөөр тус тус худалдаж байна. Энэ нь хүнсний “Хүчит шонхор” зэрэг захад борлуулж буй махны үнээс үнийн дүнгээр 7 хувиар хямд байгаа аж.
Энэ сарын 25-наас эхний ээлжинд 367 нэгж дээр 94 тонн нөөцийн мах нийлүүлжээ. 26-нд 27 тонныг, 27-нд 9 тонн махыг тус тус худалдаанд гаргажээ. Нөөцийн махны борлуулалтыг идэвхижүүлэх үүднээс жижиглэнгээс гадна махыг гулуузаар нийлүүлэх өргөтгөсөн худалдааг хийхээр болсныг нийслэл хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.