“Япон хоолыг сурталчлах элч” өргөмжлөлийг гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Япон хоол сурталчлах, түгээн дэлгэрүүлэх анхны элчээр “Нагоми” япон хоолны рестораны гүйцэтгэх захирал Шимизү Күнитоши тодорлоо.
Япон улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн яам япон хоолны соёлыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулж буй тогоочид “Япон хоолыг сурталчлах элч” өргөмжлөлийг 2015 оноос хойш гардуулж иржээ. Өнөөг хүртэл дэлхийн хэмжээнд уг өргөмжлөлийг 173 хүнд олгоод байна.
“Нагоми” япон хоолны рестораны гүйцэтгэх захирал, ерөнхий тогооч Шимизү Күнитоши хэлэхдээ, “Хоёр улсын найрамдалт харилцааны тэгш ой тохиож буй энэ үед хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна. Цаашдаа япон хоолны соёлоо улам түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээх болно. Манай улсын хоолны уламжлалт соёлыг 2013 онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг” гэв.
Тэрбээр их сургуулиа төгссөний дараа “Шинжюүкү хорикава”, “Мэгүро кажёэн” зэрэг Японы нэр хүндтэй ресторанд ажиллан туршлага хуримтлуулж, чадвараа дээшлүүлжээ. Монгол Улсад 2006 онд ирж, Кемпински зочид буудлын Сакура япон хоолны ресторанд ерөнхий тогоочоор ажилласан. Түүнээс хойш япон хоолны рестораныг ажиллуулах үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, 2010 онд Мираж рестораныг нээн ажиллуулснаас хойш “Сакура тэппан яки” ресторан, мөн “Нагоми” рестораныхаа 1 болон 2 дугаар салбарыг дараалан нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Түүнчлэн 2014 оноос эдгээр 5 рестораныг нэгтгэн хариуцах “Таван богд вашёкү” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй юм.
Аливаа улсын үндэсний хоол гэдэг тухайн улсын соёлыг таниулан сурталчилдаг онцлогтой. Тиймээс Япон улс ийнхүү үндэсний хоолоо соёлын биет бус өв хэмээн тодотгож дэлхийн олон оронд сурталчилж байна. Тус улс үндэсний уламжлалт хоол сүшигээрээ алдартай. Тиймээс “Япон хоолыг сурталчлах элч” Шимизү Күнитоши сүши хийх аргын талаар энэ үеэр танилцууллаа. Үндэсний соёл уламжлалаа нэг нэгэндээ таниулна гэдэг хоёр улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр болно гэдгийг тэрбээр онцолсон юм.