АНУ-ын Элчин сайд Дорноговьд зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-29 09:06:02

Энэ сарын 28-нд  Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Galt Jennifer Zimdahl  хүлээн авч уулзан албан яриа өрнүүлж, санал солилцлоо. 

Тэрээр ИТХ-ын даргын ажлаа хүлээн авснаас хойш  анхны гадаад зочинтойгоо уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Элчин сайдад аймаг орны хөгжил дэвшил бүтээн байгуулалтын ажлаас тодорхой мэдээлэл өгөв.

Мөн АНУ-аас хэрэгжүүлсэн Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр Дорноговь аймаг Улаанбаатар хоттой босоо тэнхлэгийн авто замаар холбогдсон нь говь нутаг руу аялал жуулчлалыг татаж, орон нутгийн иргэдийн аж амьдралд  ихээхэн нэмэр болж байгаа.

Мөн хүн ам ихээр төвлөрсөн  Замын-Үүд суманд АНУ-ын 100 хувийн санхүүжилтээр хүүхдийн цэцэрлэг барихаар болсон нь говь нутгийн хүүхдүүдийн сурч боловсрох, тэдний ирээдүйд  оруулж байгаа  томоохон хөрөнгө оруулалт гэдгийг дурдаж талархал илэрхийллээ.

Мөн Монгол Улс БНХАУ, ОХУ гэдэг хоёр хөршөөс гадна манай улсын гурав дахь хөрш бол АНУ бөгөөд өнгөрсөн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт үр бүтээлтэй өрнөснийг онцлон тэмдэглэв.

Харин  Элчин сайд  Galt Jennifer Zimdahl хэлэхдээ Дорноговь аймагт зочилж байгаадаа сэтгэл хангалуун байна. Ялангуяа ноён нутагт Данзанравжаагийн музейг үзэж сонирхсон. Музейд байгаа үнэт өвийг хадгалж хамгаалахад элчин сайдын яамны зүгээс тусалж дэмжсэндээ баяртай байна.

Цаашдаа Монгол орны эдийн засгийг солонгоруулах, тэр тусмаа хөдөө аж ахуйн салбарт хамын ажиллагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна гэв.Талууд хоёр талын    хамтын ажиллагаа  цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ