Я.Содбаатар: Иргэд өөрсдийн амьдрах орчноо сайжруулсныхаа төлөө урамшуулал авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-28 15:15:19

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Архангай аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөх зорилготой ажиллалаа. Энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаарх тодруулга авснаа сийрүүлэн хүргэж байна. 


-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явцтай танилцаад орон нутагт ажиллаж байна. Ямар сэтгэгдэл бууж байна вэ? Нэг тэрбум гэдгийг анх сонсоход их том тоо сонсогдож байсан. Аймгууд ч хувааж аваад мод үржүүлгийн газруудыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа шүү дээ? 

 - Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш олон талт үйл ажиллагаануудыг идэвхтэй явуулж байна. Үүний нэг нь энэ ажил орон нутагт хэрхэн хийгдэж байна вэ гэдэг асуудал. Тийм учраас аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын сургалтыг намраас хойш хоёр ч удаа хийж, үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг орон нутаг ямар ажил хийх ёстой, ямар зохион байгуулалтыг авах ёстой юм, хөрөнгө мөнгө санхүүгийн хувьд юун дээрээ анхаарах ёстой юм гэдэг талаар мэдээлэл өгсөн. Энэ дагуу БОАЖ-ын сайд аймгийн удирдлагуудтай аймаг орон нутагтаа тодорхой тооны модыг тарьж ургуулах гэрээг байгуулсан. Энэ гэрээний хүрээнд тэрбум мод үндэсний хөтөлбөрийг аймагтаа хэрхэн зохион байгуулах, тавьж буй томоохон зорилтуудыг хэрхэн биелүүлэх вэ гэдэг талаар аймаг аймагтаа зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ гурван сарын сүүлч гэхэд бүх аймагт зөвлөгөөнийг хийж дуусгана. Гуравдугаар сарын 28-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод тэрбум үндэсний хөдөлгөөний хүрээнд болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөгөөн хийснээр бүх аймаг, нийслэлд хийх зөвлөгөөн дуусна. 

Архангай аймгийн тухайд өнгөрсөн 12 дугаар сарын 9-нд зөвлөгөөнөө хийгээд сум болгонд тариалах модны тоогоо хуваарилж, гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд сумдад тарих модны үр суулгацын хувьд хэрхэн анхаарах вэ гэдэг дээр шийдэл гаргаад эхний олон улсын байгууллагатай хамтран ажлаа эхлүүлсэн байна. Жишээ нь Өгийнуурт 3 сая үр суулгац бэлтгэх мод үржүүлгийн газрыг шинээр байгуулан ажиллаж байгаа юм байна. Архангай аймаг нь хангайн бүсийн нэг аймаг учраас маш олон мод үржүүлгийн газар, ойн анги, нөхөрлөлүүд бий. Үүнийгээ түшиглээд, тэдний хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэл рүү нэлээд арга хэмжээнүүд авч байна. 

Өвөрхангай аймгийн хувьд 20 сая модыг ирэх арван жилд тарина. Өнөөдрийн хүчин чадал нь жилдээ 120 мянган үр суулгац бэлтгэх хүчин чадал Өвөрхангай аймагт байна. Үүнийг эхлээд 660-д хүргэх, цаашлаад жилд 2 сая үр суулгац бэлдэж байж арван жилд 20 сая мод тарих юм билээ. Жилд ойролцоогоор 2 саяас доошгүй мод тарина гэсэн үг юм. Өвөрхангай аймаг шинээр дөрвөн мод үржүүлгийн газрыг Япон, БНСУ-ын олон улсын төслүүдтэй хамтраад 15-100 га газарт хийхээр төлөвлөсөн байна. Сумдад газрууд нь олгогдчихсон, эхний олон улсын төслийн байгууллагаас нь ирээд хамтраад ажиллаж эхэлсэн. 

Бидний хүсч буй гол зүйл бол энэ хавар үр суулгац, тарьцаа бэлтгэх нь чухал байгаа юм. Шууд зуун саяд хүрдэггүй юм гэхэд энэ жил арван сая тарьцын нөөц байгаа бол үүнийг 2-3 жилийн хугацаанд үржүүлж, жилдээ зуун саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Томоохон үүрэг хүлээж ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд байна. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Энержи ресурс, Оюу-толгой зэрэг байгууллагууд өөрсдийн хөрөнгө оруулалтаар жилдээ тус бүр 10 сая үр суулгац, тарьц бэлтгэх мод үржүүлгийн газруудыг байгуулахаар ажлаа эхлүүлж байна. Энэ ажлууд эхлээд явчихвал Монгол Улс жилдээ 100 сая үр суулгац бэлтгэдэг болоод зогсохгүй ойн салбарт томоохон ахиц, томоохон нөөц, чадавхыг бий болгох боломжтой болж байгаа юм. 

-Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Үндэсний хороог ахалж байгаа. Бодлогын баримт бичиг нь тун удахгүй батлагдана байх. Төрийн бодлогод энэ ажлыг хэрхэн тусгаж байгаа вэ?

-УИХ дээр тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, стратеги төлөвлөлтүүд гарчихсан байгаа. Стратеги төлөвлөлтийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар зохион байгуулах үндэсний хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий сайд ажиллаж байна. Энэ үндэсний хороон дээр шаардлагатай хөрөнгийг татан төвлөрүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг хийх, мөн эрхзүйн болон бодлогын баримт бичгүүдийг гаргах зайлшгүй шаардлага байгааг ярилцсан. Хаврын чуулганаар тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан Ойн тухай хуулиас эхлээд холбогдох хууль тогтоомжуудад томоохон өөрчлөлт орно. Мөн энэ гурван сардаа багтаад төрийн захиргааны байгууллага Ойн агентлаг байгуулна. Үүнийг дагаад зарим төсвийн зохицуулалт хийх замаар зарим хөрөнгө оруулалтыг татаж, тухайлбал, ойн хортон шавжийг устгах чиглэлээр, сургагч багш бэлтгэх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж байна. Энэ ажлуудыг энэ хавар хийнэ.

Өөр нэг томоохон зүйл бол энэ хөдөлгөөний хүрээнд ногоон санхүүжилтын асуудал, дэлхий нийтийн банк санхүүгийн системд байдаг хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр, нүүрс хүчлийн чиглэлээр олгож буй буцалтгүй болон хөнгөлөлттэй зээлүүдийг Монгол руу татах ажил чухал байгаа юм. 3 дугаар сарын 29-нд ногоон санхүүжилтын олон улсын бүсийн хуралдааныг хийхээр төлөвлөж байна. НҮБ-ын ногоон санхүүжилтын корпорацийн сангийн захирал, БНХАУ, Азийн холбогдох орнуудын голлох сангуудын банк санхүүгийн байгууллагын удирдлагууд оролцож, байр сууриа илэрхийлнэ. Энэ нь эргээд тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчны салбарт орж ирж байгаа хөрөнгө оруулалт, энэ чиглэлд ажиллаж байгаа ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих, эргээд энэ салбарт ажлын байр бий болгох, эдийн засагтайгаа ОУ-ын зөв механизмаар уях зэрэг томоохон шийдвэрүүд гарна. 

-Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд иргэд яаж оролцох вэ? Энэ ажил бол зөвхөн төрийн болон ААНБ-ын хийх ажил биш шүү дээ. Иргэд ямар ч оролцоогүй үлдчих вий?

-Энэ хөдөлгөөн нь зөвхөн нэг төрийн байгууллага юмуу нэг яамны хийх ажил биш юм. Энэ бол нийт ард иргэд, төр, хувийн хэвшлийнхэн гээд бүгд хөдөлж байж энэ том зорилтыг биелүүлнэ. Тийм учраас үүнийг үндэсний хэмжээнд зарлаж, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа. Манай ард иргэдийн зүгээс маш их санаачилга гаргаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд томоохон амлалт өгч, нийгмийн хариуцлагын гэрээнүүдийг байгуулж байна. Тухайлбал, шинээр мод үржүүлгийн газруудыг байгуулах, шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг нутагшуулах, шинэ инновциудыг оруулж ирэх зэрэг ажлуудыг хийж байна. 

Яг иргэд рүү чиглэсэн хэд хэдэн ажлуудыг ойрын хугацаанд төлөвлөж байна. Бид нар мянган сургагч багшийг бэлтгэж байна. Тэд бүх сум, хороодоор явж сургалт хийх ёстой. Танай хашаанд, танай суманд ямар мод таривал ургах вэ, энэ нь ямар үр өгөөжтэй юм, тэр нутгийн уугуул ургамал нь юу байсан юм гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж зааж өгнө. Эргээд үр суулгацаа өөрсдөө бэлддэг арга аргачлалд суралцана. Гэртээ өвлийн цагт яаж бортого бэлтгэж, хавар хэрхэн суулгах юм гээд. 

Мөн хашаандаа мод, жимс жимсгэнэ тарьж байгаа энэ хүмүүсийг яаж урамшуулах юм гээд. Өмнөговь аймгаас эхлээд урамшууллын системийг зарлаад эхэлсэн байна. Хэрвээ өөрийн хашаандаа гурван жил хүртэл буюу мод өөрөө ургах чадвартай болсон байвал нөөц санд бүртгэж аваад тэр хүмүүсийг урамшуулж байгаа юм. Өөрийнхөө амьдрах орчныг сайжруулсныхаа төлөө мөнгөн урамшуулал авдаг системийг эхлүүлсэн. Улаанбаатарын хувьд ч энэ системийг нэвтрүүлж байна. Иргэд өөрсдөө үүнд идэвхтэй оролцох ёстой, бас ийм соёлд суралцмаар байгаа юм. ЕБС-иа төгсөгч нар ангиараа мод тарьдаг байя, хурим найр хийхдээ ах дүүгээрээ нийлээд мод тарьчихдаг, нэг хүнийг өөд болоход суварга босгож тоосго өрж байхаар байгаль дэлхийдээ ээлтэй, бодитой, амьд харагдах 108 мод тарьчихдаг баймаар байгаа юм. Ийм соёл, дадалд суралцаж байж бидэнд амьдралын хэвшил болно гэж харж байгаа. Энэ чиглэлүүдээр манай сургалт, судалгааны мэргэжилтнүүд аймагт иргэдийг соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллана.

-Тодруулга өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ