Он гарсаар алга болсон дөрвөн хүүхдийг эрэн сурвалжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-11 16:32:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ он гарсаар оршин суудаг газраасаа алга болсон 4 хүүхэд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж эрэн сурвалжлах ажиллагааг одоо хүртэл үргэлжилж байна. 


1990 оноос 14, 16 настай хүүхэд алга болсон талаар дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар 16 хүртэлх насны 10 115 хүүхдийг эрэн сурвалжилсан байна. Тэднээс 14-ийг нь эрэн сурвалжилж байгаа бөгөөд бусдыг нь олж тогтоон эцэг эх, ар гэр, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгчээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр 14 хүүхдийн 10 нь 1996-2021 оны хугацаанд, үлдсэн 4 нь дээр өгүүлснээр энэ он гарсаар оршин суух газраасаа алга болсон гэж бүртгэгдсэн тухай Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат тус байгууллагын цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа мэдээлжээ.




Шалгалтын явцад ихэнх тохиолдолд эцэг эхийн хайр халамж, хараа хяналт дутмаг, гэр бүлд нь ямар нэгэн асуудал тулгарсан, гэртээ байх сонирхолгүй, тэнүүчлэн амьдардаг, найз нөхдийн буруу үлгэр дуурайлалд автсан, үерхдэг хөвгүүн, охинтой болсон, тусдаа амьдрахаар шийдсэн  зэрэг шалтгаан нөхцөл тогтоогддог байна.


Цагдаагийн байгууллагаас алаг болсон хүүхдийн эрэн сурвалжлах ажиллагаа эхлээд 1-4 цаг, зарим тохиолдолд 24-72 цаг, бүр цаашлаад 14-30 хоногийн дараа олох тохиолдол ч гардаг байна. Тиймээс 24 цагаас дээш хугацааны дараа олдсон хүүхдээс гэртээ очоогүй шалтгаан нөхцөл, бие болон эрх чөлөөнд учирсан хохирол байгаа эсэхийг шалган тогтоодог байна. Харин сураггүй алга болоод удсан иргэдийг хариуцсан аймаг, дүүрэг дэх цагдаагийн газраас эрэн сурвалжлах төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг тогтмол идэвхжүүлэн ажилладаг ба ажлын хэсгүүдийг шинэчлэн гаргах, нэмж ажлын баг байгуулах зэргээр үйл ажиллагааг тогтмол сэргээн ажилладаг юм байна.


Холбоотой мэдээ