"Жангар" жүжгээр "Гэгээн муза-16” наадамд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-02 15:08:53

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр “Гэгээн муза-16” олон улсын театрын их наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт болж байна.

Манай театрын уран бүтээлчдийн “Жангар” хүүхдийн жүжиг шалгаруулалтад орж буй. Жангар хүүхдийн жүжгийн тухайд гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн “баатарлаг туульсуудыг дэмжин дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2021, Завхан аймгийн Засаг даргын санаачилсан Үндэсний бахархал-Монгол өв соёл үйл ажиллагаа хөтөлбөрүүдийн хүрээнд бүтээсэн. 2020 оны нэгдүгээр сараас “Жангар” хүүхдийн жүжгийг тайзнаа туурвихаар төлөвлөн бэлтгэл ажилдаа орсон юм.

Цар тахлын улмаас тодорхой хугацаанд зогсож, энэ онд тайзнаа тавиад буй бүтээл юм. Жангар туулийг жүжиг болгон хүргэснээр хүүхдүүдэд өвөг дээдэс, соёл уламжлалаараа бахархах, соёлын биет болон биет бус өвийн утга бэлгэдэл, хэрэглээнд суралцаж, өвлөн авч хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой. Жүжгийг орчин үеийн шинэлэг сценографик тайз декрацын шийдэл, найруулга зүйн өөр, өөр хэв маяг, багт театрын төрлөөр тайзнаа амилуулаад байгаа. Жангар хүүхдийн жүжгийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын театр урлагийн дээд сургуулийн төгсөгч УДЭТ-ын найруулагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Э.Ёндоншарав, ерөнхий зураачаар Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын зураач С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч Ё.Эрдэнэбаатар, хөгжмийн удирдаачаар Б.Мөнхжаргал, жүжгийн зохиолчоор Д.Мэндсайхан, туслах найруулагчаар Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын ерөнхий найруулагч Б.Сандуйжав нар ажиллалаа.

Жүжигчдийн тухайд “Өндөр гэгээн жүжиг”-ийн “Өндөр гэгээн Занабазар”-ийн дүрээр “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал авч байсан Хөгжимт жүжгийн театрын жүжигчин Ч.Лхагвадорж. Мөн “Өндөр гэгээн жүжиг”-ийн Тойн ламын дүрээр “Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналт жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Сандуйжав, жүжигчин С.Нямжав, А.Цэрэнбалжир, Б.Ариунзаяа, Ө.Мөнхнасан болон ХЖТ-ын дуучид, бүжигчид, хөгжимчид дүр бүтээн оролцсон байна. Мөн жүжигт Улиастай сумын ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн сурагч бяцхан жүжигчин Б.Өнөрбаяр Жангарын бага насны дүрийг бүтээсэн гэж аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээлэв.

Холбоотой мэдээ