Тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-25 17:23:23

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх үүргийг сумдын Засаг дарга нарт өглөө.

Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, бэртэж гэмтсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдол олон бий. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон билээ. Хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоох, цаашид урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Хүний эрхийн Үндэсний комиссын зөвлөмжийг Завхан аймаг хэрэгжүүлж ажиллана. Энэ хүрээнд бүх сумын нутаг дэвсгэрт дээрх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх. Хууль тогтоомжийг зөрчин хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хууль хяналтын байгууллагад тухай бүр шилжүүлэн шалгуулах. Гэх мэтчилэн  үүргийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал сумын Засаг дарга нарт өгөөд байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ