Дорнод аймаг хүний хөгжлийн үзүүлэлтүүдээрээ тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-21 09:30:00

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг хүний хөгжлийн үзүүлэлтүүдээрээ сүүлийн жилүүдэд улсад тогтмол тэргүүлж байна. Тухайлбал, 2018-2021 оны дүн мэдээ, тайлангаас харахад, эдийн засгийн үзүүлэлтүүд жил бүр тогтмол өсөж, нэг их наяд төгрөгт хүрсэн бол нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр аймгуудаас хоёроос дөрөвдүгээрт, мөн хүний хөгжлийн индексээр улсад хоёрдугаарт эрэмбэлэгдэж, боловсролын чанарын үзүүлэлтээрээ таваас долдугаар байрт, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний тавд багтаж байгаа юм.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Хөгжлийн хэтийн зорилго дахь эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ ХАА, аялал жуулчлал, үйлчилгээ, эрдэс баялгийн салбар хэмээн тодорхойлж, эдгээр салбаруудаа хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна” гэв.

Тус аймаг хөгжлийн бодлогынхоо төвд хүний хөгжлийг эрхэмлэж, нийгмийн голлох салбар эрүүл мэнд, боловсрол, соёлын салбаруудад 2018-2021 онд хамгийн их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг өрнүүлжээ. 

Холбоотой мэдээ