Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-14 13:16:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хүчингүй болгож, цар тахлын улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлэх тогтоол баталсан талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв. 


Монгол Улсын зорилтот хүн ам буюу насанд хүрэгчдийн 92 хувь нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагджээ. Мөн гуравдугаар тунд зорилтот бүлгийн 52 хувь, дөрөвдүгээр тунд 90 мянган иргэн хамрагдсан байна. Иймд халдвар, хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан цар тахлын хязгаарлалтын дэглэмийг сулруулах нь зүйтэй гэж үзсэнийг Ерөнхий сайд мэдээллийн үеэр тэмдэглэв.


Тэрбээр, манай улсыг зорин ирэхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хоёр жил саатсан хөрөнгө оруулагч, жуулчдад хандан, Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй болж буйг зарлалаа. Ингэснээр, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгах, вакциндаа идэвхтэй хамрагдах зөвлөмжөөс бусад цар тахлын үеийн хязгаарлалт өнөөдрөөс цуцлагдаж буйг тодотгов. 


Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагч, жуулчид вакцины бүрэн тунд хамрагдсан бол хүлээн авахад бэлэн, харин вакцинд хамрагдаагүй бол Монгол Улсад вакцин хийлгэх бүрэн боломжтойг тэрээр мэдээллийн үеэр дурдаад, "Монгол Улсын төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, аялал жуулчлалын компани та бүхний аюулгүй байдлыг хангаж, хүндрэлгүй үйлчилж, ажил төрөл, аялал жуулчлалын зорилгоор хүрэлцэн ирэх бүх бололцоог хангахын төлөө хичээн ажиллана" хэмээлээ. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Монгол Улс 2020 оны 11 дүгээр сарын 12-ноос хойш хоёр жилийн хугацаанд нийт 7 удаагийн хатуу хөл хорио тогтоож улаан түвшинд 79 хоногийг өнгөрөөсөн байна. Бусад хугацаанд улбар шар түвшин буюу Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт байлаа. Ингэснээр, экспорт хаагдаж, ачаа барааны эргэлт удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орсон. Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш анх удаа хасах баланс 5.3 хувь унасан. Улсын төсвийн орлого 23 хувиар тасалдсан хүндрэл гарч байлаа. Цар тахал манай улс төдийгүй, дэлхий дахинд ч дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тулгараагүй сорилтыг учруулж байгаа билээ" хэмээв. 


Засгийн газар эрүүл мэнд, эдийн засгийг тусдаа асуудал биш, харилцан уялдаатай цогц асуудал хэмээн үзэж, эдийн засгийг үе шаттай нээж, энгийн амьдралд алхам алхмаар шилжих бодлогыг хэрэгжүүлж, вакцинжуулалтыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулсныг онцоллоо. Өнгөрсөн хугацаанд амаргүй шийдвэр бүрт хүлээцтэй хандаж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдсан нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэв. 


Гэхдээ цар тахлын сорилт бүрэн дуусаагүй үргэлжилж байгааг тэмдэглээд, "Аж ахуйн нэгж, иргэн бүр сонор сэрэмжтэй байж вакциндаа хамрагдах, амны хаалтаа зүүх зэргээр халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж иргэний журамт үүргээ хариуцлагатай биелүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ. 


Түүнчлэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд алдсан боломжоо нөхөх, эдийн засгаа сэргээж хөрөнгө оруулалтаа нэмэх талаар баримталж ирсэн байр сууриндаа цаашид хатуу зогсохоо илэрхийлэв. 

Холбоотой мэдээ