Аюулгүй галлагаа аянаар иргэдэд өгөх зөвлөмж сурталчилгааг эрчимжүүлнэ

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-02-10 17:45:17

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт “Аюулгүй галлагаа” аяныг энэ сарыг дуустал явуулна.

Аян хоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд гэр хорооллын айл өрхүүдийн пийшин, зуух, яндангийн стандарт норм нормативыг мөрдүүлэх. Галын аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг таниулах мөрдүүлэх зорилготой. Аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд орон нутагт аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, бүх шатны Засаг даргын Тамгын газар, баг хорооны нийгмийн ажилтнууд хамтран зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар объектын гал түймэр найман удаа гарсан. Гал түймэрт өвөл зуны орон сууц хоёр, гэр хоёр, автомашин хоёр, хашаа нэг шатаж иргэдэд 19.7 сая төгрөгийн хохирол учирч, 52 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрээс авран хамгаалаад байна. Иймд ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн бүрийн оролцоо, анхаарал сэрэмж чухал юм гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.



Цогтой үнс нурмаа ил задгай асгахгүй байхыг сануулав

Аяны хүрээнд аймгийн хэмжээнд мэргэжлийн байгууллагууд хамтран ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх талаарх сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, заавар зөвлөгөөг газар дээр нь очиж өгнө. Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд дараах арга хэмжээг ямагт анхаарах хэрэгтэйг сануулж байна. Тухайлбал, гэрийнхээ пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, халуун цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх. Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй, цахилгааны утас болон уртасгагчийн ачааллыг хэтрүүлэхгүй байх. Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээх, цоожлохгүй байх. Чүдэнз асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалж хэвших. Зул, лаа, хүж барьсан үедээ эзэнгүй орхихгүй байж галын түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Ахуйн түймрийн шалтгаан дээрх аюулгүй ажиллагааны санамсар болгоомжгүй байдлаас болж гарсан байна. Он гарсаар гарсан ахуйн гал түймрийн аюулд өртсөн хүн байхгүй гэв. 

Холбоотой мэдээ