Хамарын хийд, хайрхан уулыг зорих аялагчдын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-09 09:18:27

Дорноговь /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахлаас үүдэж хөл тасраад байсан Хамарын хийд, хүслийг гүйцээгч Ханбаянзүрх хайрхан руу аялах аялагч мөргөлчдийн тоо ихэсчээ.

“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн нэгэн гарсны дараа жилийн засал номоо хийлгэх, шүтээн хайрхандаа мөргөх хүмүүсийн хөл тасрахгүй байгаа талаар Хамарын хийдийн лам хуврагын төлөөлөл өгүүлсэн юм.

Дорноговь аймагт жилдээ 120 гаруй мянган гадаад, дотоодын жуулчин ирдэг бөгөөд үүний ихэнх нь Хамарын хийд-Хайрхан уул-Шамбалын орныг зорьсон жуулчид, аялагчид байдаг аж.

Цаашид аялагч жуулчдын сонирхох бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлж, жилийн дөрвөн улирапд жуулчдыг татах боломж бүрдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энергийн төв Хамарын хийд орчмыг тохижуулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад суурилж томоохон хөрөнгө оруулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа талаар орон нутгаас мэдээллээ.

Хамарын хийдийн цогцолбор газарт эрт үед даяанч нар сууж, бясалгал үйлдэж байсан 108 агуй, эхийн умай, өвчин, гэм арилгагч хад, сүсэгтнүүд сакура хэмээн нэрийддэг бүйлс модтой жалга судаг бүхий эргэл мөргөлийн газрууд болон Луутын цав хэмээх улаан, шар, хөх шавартай, дов толгод бүхий сонин тогтоцтой цав бий.

Харин хийдээс баруун хойно 20 км гаруй зайд байх Хан Баянзүрх уул бол хүслийг гүйцээгч хайрхан гэдгээрээ алдартай билээ.

Холбоотой мэдээ