Британийн шумбагч онгоц худалдааны хөлөг онгоцтой мөргөлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-21 12:26:06

ЛОНДОН. /TASS/. Их Британийн  “Ambush” гэдэг шумбагч хөлөг онгоц Гибралтарын хоолойн эргийн орчимд худалдааны хөлөг онгоцтой мөргөлдсөн тухай тус улсын Батлан хамгаалах яам өчигдөр мэдэгдсэн байна.

“7 дугаар сарын 20-ны өдөр орон нутгийн цагаар 13:30 цагт Astute ангиллын “Ambush” шумбагч хөлөг онгоц сургуулилтын хийх үеэрээ Гибралтарын хоолойн эргийн орчимд худалдааны хөлөг онгоцтой мөргөлдсөн” гэж тус яамны хэвлэлийн алба мэдээлээд “иргэний хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учраагүй” гэжээ. 

“Шумбагч онгоцны гадна талд бага зэргийн гэмтэл учирсан. Харин цөмийн төхөөрөмжинд ямар ч хохирол учраагүй, багийн гишүүд гэмтэл бэртэл аваагүй” гэж яамны мэдэгдэлд дурдсан байна.

7400 тоннын усан түрцтэй “Ambush” шумбагч хөлөг онгоцыг 2013 онд Британийн армийн зэвсэглэлд нийлүүлсэн бөгөөд 38 торпед болон пуужин зөөх хүчин чадалтай юм. “Ambush” нь Шотландын баруун эрэг дэх “Клайд” тэнгисийн цэргийн хүчний баазад байрладаг ажээ.  

Х.Сарнай
 

Холбоотой мэдээ