Онцгой байдлын газрыг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж
хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрыг аймгийн
“Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шинэ оны анхны захирамжаар уг шагналыг олгосон байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа өөрийн биеэр гардуулан өгчээ. Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, тусгай чиг үүрэгтэй байгууллагын дарга, захирагч нар оролцсон аж. Энэ үеэр Онцгой байдлын газрын 2021 онд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай хурлын дарга танилцаж, цаашид дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Тус байгууллагаас хяналт шалгалт болон урьдчилан сэргийлэх ажлаа төрийн байгууллага, ХАА-н газар, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагуудтай хамтарч эрчимтэйгээр явуулж ирсэн нь үр дүнгээ өгчээ. Үүнийхээ хүчинд энэ жил гамшиг ослын тоо тодорхой хэмжээгээр буурсан байна. 2022 ондоо нэлээд ажлыг төлөвлөсөн аж. Үүний дотроо урьдчилан сэргийлэх ажлуудыг мөн төлөвлөжээ. Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулснаар гамшгийн үед гарсан зардлыг тодорхой хэмжээгээр бууруулах, хүний амь нас эрсдүүлэхгүй байх гол үндэс болдог байна. Өнгөрсөн оны хувьд үер усны дуудлага их байсан бөгөөд энэ ч утгаар усны эрэн хайх арга хэмжээг аймгийнхаа хэмжээнд 17 суманд анх удаа зохион байгуулжээ. Тус хамт олон 200 гаруй иргэдийн амь насыг аварч, 3000 орчим мал, 150 орчим айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газраас хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллахаар шинэ оныхоо төлөвлөгөөнд тусгаад байгаа ажээ. Түүнчлэн энэ онд эрэн хайх аврах ангийн алба хаагчдыг шат дараатайгаар БНСУ-д мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах ажлуудыг зохион байгуулах ажлыг төлөвлөжээ.