“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн гүйцэтгэлийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-01-25 09:54:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны 6 дугаар хурлаар 2021 онд хийсэн ажлын тайлан, төслийн хэрэгжилтийн тухай мэдээллээ.


Тодруулбал, эко аялал жуулчлалын төлөвлөлт, Хөвсгөл дэд төслийн хүрээнд барих авто замын ажлын зураг төсөл, Хатгал, Ханх, Дадал суманд барих хатуу хог хаягдлын ландфилл байгууламж, бохир ус цэвэрлэх байгууламжийн танилцуулга, Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажлын явц зэргийг танилцуулжээ.


Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, Хөвсгөл аймгийг байгалийн, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөн БОАЖЯ-ны харьяа Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг дээрх аймагт хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлснээр Хөвсгөл нуур, Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний загвар бий болгох, төсөл хэрэгжиж буй орон нутгийн байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдэх аж. 


Хуралд төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн дэх БОАЖЯ, Сангийн яам, БХБЯ, ЭХЯ болон АХБ, иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо.

Холбоотой мэдээ