Бээжингийн Олимптой холбоотой халдварын 72 тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙД | Спорт
khulan@montsame.gov.mn
2022-01-24 13:26:48

БЭЭЖИН. /Xinhua/. Нэгдүгээр сарын 4-22-нд Бээжингийн өвлийн Олимпын наадамтай холбоотой “COVID-19” халдварын 72 тохиолдол бүртгэгдлээ гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос ням гарагт мэдээллээ.


Тэдгээр тохиолдлын 39 нь нисэх буудалд, 33 нь хаалттай системийн хүрээнд хийсэн шинжилгээгээр илэрсэн байна. “Бээжин-2022” наадмыг зохион зохион байгуулагчдын мэдээлснээр, халдвар хаалттай менежментийн системд өргөн хүрээгээр тархаагүй бөгөөд тархалтыг хяналтад авчээ.


Бээжингийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны мэдэгдэлд дурдсанаар, нэгдүгээр сарын 4-22-нд наадамтай холбоотой 2586 хүн Хятадад ирсний 171 нь тамирчид, багийн төлөөлөгчид байжээ. Олимпын наадмын үеэр халдвараас сэргийлж, наадамд оролцогчид, арын албаны ажилтнуудын аюулгүй байдлыг хангахын тулд хаалттай менежментийн системийг хэрэгжүүлж байгаа юм.


“Бүрэн хаалттай системийг бий болгохын тулд хилийн чанадаас Олимпод оролцохоор ирэх хүмүүсийн нэвтрэх гол цэг болох Бээжингийн олон улсын нисэх буудалд тусгай зориулалтын гарц, талбай, зам, шугамуудыг байгуулсан” гэж наадмыг зохион байгуулах хорооны Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах албаны орлогч дарга Хуан Чунь мэдээлжээ.


Түүний тайлбарласнаар, дээр дурдсан зориулалтын хэсгүүдийг бусад бүсээс бүрэн тусгаарласан бөгөөд наадамд оролцох төлөөлөгчид бусад зорчигчидтой тааралдахгүй байхаар зохицуулжээ. Мөн хаалттай системд байгаа бүх хүн наадмын зориулалтын тээврийн хэрэгслээр зорчино гэдгийг нэмж тэрбээр хэлсэн байна.


“Омикрон” хувилбарын хувьд халдварлах чадвар өндөр тул наадмыг зохион байгуулах хороо “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээнүүдийг нарийвчлан тусгасан гарын авлагыг чандлан мөрдөхийг бүх оролцогчид уриалж байгаа юм. Үүнд вакцинд бүрэн хамрагдсан байх, амны хаалт зүүх /KN95, N95, FFP2 болон эдгээртэй эн тэнцэх стандарт бүхий хамгаалалттай/, бусадтай харилцахаас аль болох зайлсхийх зэрэг багтаж байна.


Гарын авлагад дурдсанаар, шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүст гүйцэтгэж буй үүргээ үргэлжлүүлэхийг хориглоно. Халдварын шинж тэмдэг илэрч байгаа хүмүүсийн хувьд зориулалтын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол шинж тэмдэггүй өвчтөнүүдэд тусгаарлах байранд байрлах шаардлага тавина. Тийнхүү шинж тэмдэг илрээгүй хүмүүс тусгаарлалтын хугацаагаа дууссаны дараа үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Батлагдсан тохиолдлуудын хувьд ч мөн эдгэрснийхээ дараа үүргээ гүйцэтгэх бөгөөд нэмэлт журмыг мөрдөх шаардлагатай байна.


“Бээжин-2022” Олимпын наадмыг зохион байгуулах хорооны зүгээс халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах арга хэмжээнүүддээ итгэл төгс байгаагаа илэрхийлжээ. “Хаалттай менежментийн системийг хэрэгжүүлж, “COVID-19”-ийн шинжилгээг өдөр бүр хийснээр эерэг тохиолдлуудыг эрт илрүүлж, тархалтыг зогсоож, нөхцөл байдлыг цаг тухай бүрд нь зохицуулах боломжтой” гэж Хуан Чунь ярьжээ. Мөн тэрбээр олон улсын туршилтын тэмцээнүүд, наадмын өмнөх хаалттай симтемийн туршилтын үеэр халдвар өргөн хүрээгээр тархаагүй бөгөөд дэгдэлтийг хяналтад авсан гэдгийг цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ