Уул уурхайн биржтэй болсноор 1-3 жилийн дараа үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ худалдах боломжтой

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-24 09:31:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй болохоор энэ талын хуулийн төслийг боловсруулсныг УИХ-аар хэлэлцэж байгаа. Уг хуулийн төсөл, Уул уурхайн биржийн талаар Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан, уул уурхайн зөвлөх инженер, доктор, Монголын Экспортлогчдын холбооны тэргүүн Дамбын Галсандоржоос тодруулав.

Тэрээр бирж байгуулах хууль эрхзүйтэй болох шаардлагын талаар хэлэхдээ, “Манай улс зах зээлд шилжээд 30 гаруй жил бол буй энэ хугацаанд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж ирсэн. Энэ салбарт манай улс эрэл хайгуул эрчимтэй хийж, ашигт малтмал олборлож баяжуулах ихээхэн туршлагатай болсон. Олон үйлдвэр бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна. Гэхдээ манай эрдсийн бүтээгдэхүүний экспортын худалдаа нээлттэй бус байдаг. Гадаад орнуудын компани, худалдан авагчид Монгол Улсад орж ирээд төрийн өмчит болон хувийн компаниудаас эрдсийн бүтээгдэхүүн худалдан авахад ихээхэн хүндрэлтэй, гадаадын болон Монголын зуучлагчаар заавал дамжиж байж гэрээ хийх шаардлагатай байдаг.

Ялангуяа энэ байдал төрийн өмчид компаниудад их гарч байна. Манай экспортод худалдаж буй эрдэс бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээлийн үнээс их доогуур байдаг. Яагаад гэвэл цөөхөн тооны худалдан авагчтай. Тэдгээр нь олон жил худалдаа хийж байна. Хөрш орнуудын үйлдвэрлэгч, эцсийн хэрэглэгч нарт бүтээгдэхүүнээ зарж, хүргэж өгч чадахгүй байгаа.  Хоёрт, өрсөлдөөний зарчмаар нээлттэй зах зээлийн үнийг тогтоож чадахгүй байна. Энэ нь нөгөө л хэдхэн худалдааны компанитай монопол байдлаар харилцаж буйтай холбоотой” хэмээн тодотгов.




-Уул уурхайн биржийн талаар манайд нэлээн хэдэн жилийн өмнөөс ярьж байсан. Ер нь бирж байгуулахын ач холбогдол чухам юу вэ?

-Уул уурхайн бирж байгуулах талаар 2010 оноос эхэлж ярьсан юм. Хуулийн төсөл боловсруулж яам, Засгийн газрын түвшинд ярьж байсан ч УИХ-д орж байгаагүй. Одоо хэлэлцэж буй хуулиар бирж байгуулах хууль эрхзүйн орчинг л бүрдүүлж, хуулийн хүрээнд УУХҮЯ Уул уурхайн бирж байгуулахаар ажиллаж байна. Улмаар экспортод гаргаж буй хүдэр, баяжмал болон боловсруулсан эцсийн бэлэн бүтээгдэхүүний арилжааг хийх юм. Бирж байгуулахын ач холбогдол гэвэл уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн брокер пүүсүүдээр дамжин худалдах, худалдан авах үйл ажиллагаа нээлттэй, өрсөлдөөний зарчмаар олон улсын зах зээлийн үнээр явагдана.

Ер нь манай уул уурхайн компаниуд олон улсын зах зээлийн мэдээлэл авахад үнэтэй, дунджаар жилд 10-20 мянган ам.доллар байдаг. Бирж байгуулснаар ийм эрэлт нийлүүлэлтийн гол зах зээлийн үнийн мэдээллийн эх үүсвэрийг авах боломжтой болж, улмаар бирж нь уул уурхайн зах зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх ач холбогдолтой. Тодруулбал, 2017-2022 гэсэн өмнөх онуудын, мөн 2025-2027 он хүртэлх үнийн төлөв байдлын прогноз ямар байх гэсэн мэдээллийг гаргаж ирдэг онцлогтой.

Уул уурхайн бирж гэдэг нь олон худалдагч, худалдан авагчийг нэг дор цуглуулаад нээлттэй дуудлага худалдаа юм уу цахимаар бараа бүтэгдэхүүнээ арилжина. Энд гадаад болон дотоодын байгууллага, худалдан авагчдаас гадна хамгийн гол нь үйлдвэрлэгч ба эцсийн хэрэглэгч нар оролцдогоороо онцлог юм. Одоо манай нөхцөлд уурхайн амнаас худалдаа хийж буй байдал багасаж, бүтээгдэхүүнээ Монгол-Хятадын хил, улмаар Хятадын Ганцмод боомтод нийлүүлэх нөхцөлтэй гэрээ хийх боломж бүрдэнэ.


Бирж байгуулснаар уул уурхайн биет бүтээгдэхүүнээс гадна 1-3 жилийн дараа үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг фьючерийн гэрээгээр худалдах боломжтой болох юм.




Хоёрт, салбарын яамнаас гадна Сангийн яам, Татварын ерөнхий газар гэхэд уул уурхайн бүтээгдэхүүний тоо, хэмжээ, орлогын төлөвлөгөө болон татварын хэмжээг оновчтой зөв хийх боломжтой болно. Бирж байгуулагдсанаар уул уурхайн биет бүтээгдэхүүнээс гадна 1-3 жилийн дараа үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг фьючерийн гэрээгээр худалдах боломжтой юм. Өнөөдөр манай улсын эрсдийн бүтээгдэхүүн голчлон түүхий эдээрээ байгаа. Үүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох хэрэгтэй байна. Дээрээс нь бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах шаардлага тулгарна. Тодруулбал, манай уул уурхайн бүтээгдэхүүний гол импортлогч БНХАУ болон барууны орнуудын худалдан авагч нарын стандартад хүргэх зэргээр их олон ажил ундарна.


-Та “Эрдэнэт” үйлдвэрийн худалдааны төлөөлөгчөөр Лондон хотод ажиллаж байсан. Олон улсад уул уурхайн биржүүд хэрхэн ажиллаж, ямар үйл ажиллагаа явуулдаг жишээнээс тодруулна уу? Манай улсад анх байгуулах гэж буй энэ биржийн үйл ажиллагааг эхнээс нь яаж олон улсын зарчмын дагуу ном журмаар нь зөв явуулах вэ гэдэг дээр саналаа хэлнэ үү?

-Би түрүү цухас хөндсөн. Манай Экспортлогчдын холбоо 2012 онд Эдийн засгийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газрын захиалгаар “Монгол Улсад Уул уурхайн бирж байгуулах боломж, олон улсын туршлага” гэсэн судалгааг хийж байсан. Сая Биржийн хуулийн төслийг боловсруулахад энэ судалгааг шинэчлэн бэлэн болгосон. 2018 онд мөн “Бирж байгуулах нийгэм-эдийн засгийн үнэлгээ, нөлөөлөл”-ийн судалгааг яамны хүрээнд хийж байсан. Түүнчлэн Бирж байгуулах урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа. Энэ мэтээр бэлтгэл байдлаар олон ажил хийж ирсэн.

Миний хувьд Лондонгийн металлын болон Лондонгийн алт, мөнгөний биржтэй хамтран ажиллаж байсан. Лондонгийн металлын биржээр “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын фьючерын худалдааг хийх талаар судалгаа хийж байсан. Ингэж ажиллаж байхдаа Лондонгийн биржүүдээс гадна АНУ-ын Чикагогийн ХАА, уул уурхайн бүтээгдэхүүний, Нью-Йоркийн фьючерийн бирж, Хятадын Шанхайн металлын, Тяньжиний уул уурхайн бүтээгдэхүүний, Беларусийн ХАА, уул уурхайн бирж гээд барууны орнуудын болон хөгжиж буй орнуудын 10 гаруй биржийн үйл ажиллагаа, арилжаа хийх зарчим, нөхцөл, биржийн зөөлөн болон хатуу дэд бүтцийг яаж бүрдүүлдэг, биржийн арилжаа хийхэд ямар тоног төхөөрөмж, программ хангамж хэрэглэдэг зэргийг судалж танилцсан.

Энэ бүхний үндсэн дээр Монгол Улсад уул уурхайн бирж байгуулах хуулийн төслийг Их Британи, Беларусь, Польш зэрэг улсын биржийн хуулиуд, БНХАУ-ын уул уурхайн бүтээгдэхүүн арилжиж буй биржийн арилжааны зарчим дээр суурилж хийгээд байна. Тийм учраас одоо хэлэлцэж буй Уул уурхайн биржийн тухай хууль олон улсын сайн туршлагыг тусгасан төсөл болсон гэж үзэх үндэслэлтэй. Уул уурхайн биржийн үйл ажиллагааг зохиицуулах болон арилжаатай холбоотой 20 орчим дүрэм журам боловсруулах шаардлагатай.




-Энэ биржийн хуулийг батлан гаргаж, биржийг байгуулахад ямар ажил хийх вэ?

-Хууль батлагдаад хэрэгжлээ гэхэд уг хуульд тусгаад буй Биржийн үйл ажиллагаа болон арилжаа хийхтэй холбоотой 20 орчим журам дүрмийг боловсруулах ёстой. Эдгээрийг яг ном дүрмийнх нь дагуу боловсруулж гаргах шаардлагатай. Хоёрдугаарт, бирж нь олон улсын зарчмын дагуу зохион байгуулалттай, нээлттэй, шударга арилжаа хийхтэй холбоотойгоор манай улсын экспортолж буй нүүрс, жонш, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн судалгааг доод тал нь 5, дээд талдаа 10 жилээр хийнэ.

Олон улсын биржүүдтэй хамтран ажиллана, мэдээлэл солилцоно.  Энэ төрлийн мэдээллийн сан бүрдүүлнэ. Тиймээс энэ ажлыг хийхэд гадаад, дотоодын яг мэргэжлийн зөвлөх хүмүүсийг ажиллуулна. УУХҮЯ дэргэдээ төслийн нэгж байгуулж ажиллуулах нь үр дүнтэй байх болов уу. Гэх зэргээр зөвхөн хууль батлаад гаргаад зогсохгүй, дагалдах их ажил ундарна. Тодруулбал, арилжаа явуулах тоног төхөөрөмж, программ хангамжийг судлах, биржийн арилжаанд оролцогчдыг сургах энэ ажлыг үе шаттай зохион байгуулах зэргээр бэлтгэл ажлыг хангахад хагас жилийн хугацаа орно.


Уул уурхайн бирж нь аль болох дангаар ажиллах нь илүү үр өгөөжтэй байдаг олон улсын туршлага байна. 

Биржийн арилжааг дутуу буруу ойлгож болохгүй. Жишээ нь, манайхан бирж байгуулснаар шууд ирээдүйн худалдааг хийнэ гэж бас зөрүү ойлгоод байна. Бирж байгуулснаар эхний 2-3 жилдээ биет бүтээгдэхүүний арилжаа хийнэ. Тодруулбал, одоо байгаа бэлэн бүтээгдэхүүн болох хүдэр, баяжмал зэргээ эхний ээлжинд арилжина. Яг фьючерийн арилжаанд бол Лондонгийн болон Шанхайн биржийн стандартад хүрч нийцсэн бэлэн бүтээгдэхүүн буюу тухайлбал, цэвэр зэс, зэс утас зэргийг арилжина. Манайд мега төслүүд хэрэгжээд эхэлбэл ийм боловсруулсан, бэлэн болсон бүтээгдэхүүнээ арилжих боломж бүрдэнэ. Түүнээс наана борлуулах бүтээгдэхүүний стандартыг бий болгох, арилжаалах бүтээгдэхүүний гэрээний загваруудыг боловсруулах, агуулах, лабораторийг итгэмжлэх, тээвэр зуучийн компаниудыг бүртгэлжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтын зардал, нийлүүлэлтийн цаг хугацаа,нийлүүлэх нөхцөлийг оновчтой зөв тооцоолох, гадаадын эцсийн хэрэглэгчид болон хөрөнгө оруулагч нарыг татах  зэргээр үе шаттай ажил хийгдэх юм.


-Бирж байгуулсан нөхцөлд манайд ажиллах боловсон хүчин бэлэн гэж ойлгож болох уу?

-Түрүүн хэлснээр биржийн арилжаанд оролцох мэргэжилтнүүдийг үе шаттай сургана. Манайд байгаа нэг давуу тал нь уул уурхайн төрийн өмчит болон хувийн хэвшлийн ААН, компанид экспортын худалдааг хариуцсан нэгж, экспортын тээвэр ложистик хариуцсан орон тоо бий. Компани тус бүрд 5-10 хүн байгаа. Гэхдээ тэд зах зээлийнхээ бүрэн мэдээллийг авах тал дээр учир дутагдалтай байгаа. Тиймээс бирж байгуулснаар олон улсын зах зээлийн мэдээллийн сан бий болгоно. ААН-үүдэд мэдээлэл өгнө. Ингэснээр экспортын худалдаанд оролцогч компаниудын зардлыг хэмнэж өгөх юм. Хүмүүсийг мэдлэгжүүлнэ. Хоёрдугаарт, яг бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах дотоодын болон гадаадын компаниуд биржтэйгээ хамтран ажиллах бололцоо нээгдэнэ.


-Хуулийн төслийг хэлэлцэх явцад Уул уурхайн бирж байгуулсан нөхцөд одоо манайд ажиллаж байгаа ХАА-н түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржтэй уялдуулан хамтатгаж нийлж ажиллана гэсэн яриа бас гараад байгаа. Энэ нь хэр зөв юм бэ, дангаараа ажиллахгүй юм уу?

-Ер нь бол, дэлхийд уул уурхайн 200 орчим бирж үйл ажиллагаа явуулж байна. Тэрнээс уул уурхай болон ХАА-н бүтээгдэхүүнийг 2-ууланг нь арилжиж буй нь маш цөөн. Хавсарсан байдлаар 2 том бирж ажиллаж байна. Австралийн болон АНУ-ын Чигакогийн бирж ХАА-н болон уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжсан байдлаар, хавсарсан үйл ажиллагаа явуулж байна. ХАА-н бирж чинь уг нь өөр үйл ажиллагаатай. Олон улсын жишгийг харахад Уул уурхайн бирж, ХАА-н биржүүд чинь агуулах савнаас аваад тээвэр логистик, лаборатори, худалдаа нийлүүлэлтийн сүлжээ зэрэг нь өөр өөр юм. Тэдгээрийн итгэмжлэл олгох шалгуур, шаардлага хүртэл өөр өөр байдаг. За, тэгээд зөвхөн уул уурхайн бирж гэхэд өөрөө бас хатуу ашигт малтмалын бүтээгдэхүүнийг арилжаалах гээд төрөлжөөд явдаг. Эрчим хүчний, газрын тосны гээд мөн төрөлждөг. Аль болох арилжаалах бүтээгдэхүүнээр төрөлжих тусам бирж нь өндөр үр өгөөжтэй ажилладаг олон улсын сайн туршлага байна гэж тэрээр онцолж байна. 

 

Холбоотой мэдээ