Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.4 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-20 18:42:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Инфляцийн түвшин өнгөрсөн оны эхний улиралд 2.5 хувьтай гарч байв. Харин 4 дүгээр сараас 5.6 хувь болж 11 дүгээр сар гэхэд хоёр оронтой тоонд шилжиж оны эцэст 13.4 хувьд хүрээд буйг ҮСХ-ноос мэдээлсэн. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өссөн нь 2014 оны 8 дугаар сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна. Инфляцид мах, ундаа усны бүлгийн болон тээвэр зэрэг суурь үнийн өсөлт, импортоор орж ирж буй бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, хил гааль дээр тээвэр, логистик доголдож буй зэргээс шалтгаалж байна. Тодруулбал, инфляцийн 46.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Өнгөрсөн оны 11-12 дугаар сард инфляцын 50.5 хувь нь импортын барааны өсөлтөөс шалтгаалсныг ҮСХ мэдээлж байна.




Эрэлт нийлүүлэлтийн зөрүүг багасгах бодлогыг хэрэгжүүлснээр инфляц эдийн засагт урт хугацаанд дарамт болохгүйгээр буурна хэмээн эдийн засагчид болон судлаач мэргэжилтнүүд үзэж байна. Статистик дүнгээр нэрлэсэн цалин өсөөгүй байхад өрхийн гол хэрэглээний сагс дахь бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь худалдан авалтад нөлөөлж байна. Тиймээс амьжиргааны түвшинд хэрэглээ танагдах хүлээлт бий гэж байна.

Монголбанкны хувьд 2022 оны эхний хагаст инфляц үргэлжлэн эрчимжиж, харин сүүлийн хагаст зорилтот түвшний интервалд буюу 4-8 хувьд тогтворжино гэсэн хүлээлттэй байна.



Холбоотой мэдээ