Б.Бээжин: Говь-Алтай аймгийн хэрэглэгчид 4 тэрбум 475 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-19 18:35:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай, Завхан аймгийн хөдөөгийн 44 сум, суурин газрын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр 24 цагийн турш найдвартай ханган ажиллаж буй “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Бээжинтэй ярилцлаа.


-Засгийн газраас айл өрхүүд болон зарим аж ахуй нэгжийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг бүтэн жилийн турш хөнгөллөө. Энэ шийдвэрийн дагуу танай систем компани нийт хэдэн хэрэглэгчдэд хэчнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэв?

-Монгол Улсын Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцах шийдвэр гарсан. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь Говь-Алтай Завхан аймгийн айл өрх, аж ахуйн нэгжийн 23136 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажилладаг. 

Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд Говь-Алтай аймгийн гэр хороолол, орон сууцны 12114 хэрэглэгч 2875,6 сая төгрөг, 900 аж ахуйн нэгж байгууллага 1599,8 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Үүнийг нийт дүнгээр нь авч үзвэл 4 тэрбум 475 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлтийг Засгийн газраас үзүүлсэн байна. 

-Энэ он гараад хөнгөлөлтийн журамд хэд хэдэн өөрчлөлт орж, зөвхөн айл өрхийн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл зөвхөн айл өрхүүдийг тодорхой хязгаартайгаар цахилгааны хөнгөлөлтөд хамруулахаар болсон. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу Эрчим хүчний сайдын түр журам гарсан байгаа. Эдгээрийг үндэслэн төрөөс даах хөнгөлөлтөд хэрэглээний дээд хязгаарыг зааж өгсөн. Гэр хороололд амьдардаг хэрэглэгчдийн хувьд 350 кВт.цаг хүртэл, орон сууцанд амьдардаг айл өрхийн хувьд 250 кВт.цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг Засгийн газраас хариуцан төлөх шийдвэр гаргасан. Энэ хязгаарыг тогтоохдоо Эрчим хүчний яамнаас айл өрхийн дундаж хэрэглээг судлан тооцсон. Хэрвээ айл өрхүүд тогтсон хязгаарыг давуулан цахилгаан эрчим хүч хэрэглэвэл зөрүү төлбөрийг төлнө гэж ойлгож болно. 

-Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр 2017 оноос эхлэн орой, шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэдээ үзүүлж байгаа. Энэхүү хөнгөлөлтөд 2021 онд хэчнээн айл өрх хамрагдсан бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” 115 дугаар тогтоолыг манай хамт олон мөрдлөг болгон ажиллаж байна. Дээрх тогтоолын гол зорилго нь “Агаарын бохирдлыг бууруулах”-аар нийслэл болон аймгийн төв, 10000-аас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын цахилгаан халаагуурт зориулан хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлдөг. 

Өнгөрсөн онд Говь-Алтай аймгийн Алтай хотын гэр хорооллын 3764 өрхийг "Шөнийн тарифын хөнгөлөлт"-д хамруулж, 118,4 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Ер нь Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэр гарснаас хойш аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр гэр хорооллын айл өрхийг шөнийн тарифт хамруулах боломжоор хангасан. Харин хоёр тарифт тоолуурыг манай систем компанийн инженер техникийн алба хаагчид бүх суурилуулалт угсралтын ажлыг хийж дуусгасан.

-Дээрх хөнгөлөлтүүдтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэн гэж өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл он гараад шийдвэр журмууд өөрчлөгдлөө. Одоогоор хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээ ямар байна?

-2021 оныг өмнөх буюу 2020 онтой харьцуулахад Говь-Алтай аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 4-5 дахин өссөн. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 211 тогтоол буюу цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлнэ гэдэг шийдвэртэй холбоотой. Энэ шийдвэр гарч хэрэгжиж эхлэнгүүт л цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор бид хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчний зүй зохистой хэрэглээний талаар удаа дараа зөвлөмж мэдээлэл хүргэсэн. Хэрэглэгчдийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор 2021 онд манай компанийн нэлээд хэдэн дэд станц гэмтэж, тог цахилгааны саатал гарсныг амаргүй давлаа. 

Харин шинэ он гараад тарифын хөнгөлөлт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээ 1-2 мВ.т-аар буураад байна. 

-“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК хэрэглэгчдэд нийлүүлж буй эрчим хүчээ ямар эх үүсвэрээс авдаг вэ? Энэ тухай тодорхой мэдээлэл өгвөл?

-Манай систем компанийн тухайд цахилгаан эрчим хүчний хэрэглээний 37 хувийг дотоодын эх үүсвэрүүдээр буюу Тайширын УЦС, Гуулин УЦС, Есөнбулаг ДиЦС, сумдын дизель болоон нарны ЦС, Богдын голын УЦС, Галуутай, Хүнгүй УЦС, Тосонцэнгэл УЦС, Улиастай ДиЦС-аас бүрдүүлж байна. Харин 63 хувийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ болон Баруун бүсийн эрчим хүчний системээс ханган ажиллаж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 


Холбоотой мэдээ