Шүлхий өвчнийг дэгдэлтийг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-11 13:12:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хонгор сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, улмаар аймгийн хэмжээнд томоохон хоёр голомт үүссэн. Орхон, Хонгор сумын нутагт гарсан шүлхий өвчний эсрэг хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд авч хэрэгжүүлсний үр дүнд бүрэн зогсоож чадлаа.

Тодруулбал малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтийг 64 хоногийн хугацаанд бүрэн зогсоосныг аймгийн онцгой комиссын дарга мэдэгдлээ. Ингэснээр малын шилжилт, малчдын зорчих хөдөлгөөн хэвийн горимд шилжсэн аж. Өнгөрсөн хугацаанд шүлхийн вакцинд хамрагдах ёстой бүх малыг бүрэн хамруулсан байна. Мөн ирэх дөрөвдүгээр сард шүлхийн давтан вакцинжуулалтыг хийхээр төлөвлөсөн ажээ.

Мөн аймгийн онцгой комиссоос холбогдох газрын дарга нарт дараах чиглэлийг үүрэг болголоо. Нэгдүгээрт: Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын давтан тунг хийх арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, сайн ажилласан алба хаагчдын судалгааг гаргах, цаашид мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан батлуулж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх.

Хоёрдугаарт: Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээ, хорио цээрийн дэглэм бүрэн дууссан талаар нэгдсэн тайлан гаргаж, Улсын Онцгой комиссын Шуурхай штабт илгээх.

Гуравдугаарт: Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээнд саад учруулж, зөрчил гаргасан иргэдийн судалгааг гаргаж Шуурхай штабт ирүүлэх, Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постуудын үйл ажиллагааг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн буулгахаар болжээ.

Холбоотой мэдээ