Калифорнид битүү орчинд амны хаалт зүүх журмыг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-06 14:42:11

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Калифорни муж улсад битүү орчинд заавал амны хаалт зүүх журмыг ирэх хоёрдугаар сарын дунд үе хүртэл сунгаж байгаа талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд лхагва гарагт мэдэгджээ.

 

Калифорнид “омикрон” хувилбар бүртгэгдсэн үеэс буюу 12 дугаар сарын 15-наас эхлэн битүү орчинд амны хаалт заавал зүүх журмыг дахин мөрдөж эхэлсэн юм.


Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд энэхүү журмыг цуцлахдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоог харгалзан үзэхээр төлөвлөж байгаа боловч одоогоор зорьж буй түвшинд хүрээгүй байгаагаас гадна цаашид халдварын нөхцөл байдлыг үнэлж дүгнэсний дүнд холбогдох шийдвэрийг гаргах ажээ.


Калифорнийн Эрүүл мэндийн газрын дарга, доктор Марк Гали өндөр чанартай, өөрт яг таарсан, хамар, ам орчмын хэсгийг сайн хаасан амны хаалт зүүхийг олон нийтэд уриалжээ. Мөн тэрбээр амны хаалтыг давхарлан зүүх ч боломжтой гэдгийг нэмж хэлсэн байна. 


Муж улсын хэмжээнд лхагва гаргийн байдлаар "COVID-19"-ийн 65 сая орчим тунг тариад байгаа бөгөөд калифорничуудын 80 орчим хувь нь вакцины хамгийн багадаа нэг тунг тариулжээ. Калифорнид өдөрт 144 мянга орчим хүн вакцинд хамрагдаж байгааг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ