Япон, Их Британи байлдааны шинэ нисэх онгоцны хөдөлгүүр бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-23 12:39:40

ТОКИО. /NHK/. Японы өөрийгөө хамгаалах хүчний сөнөөгч-бөмбөгдөгч “F-2” онгоцыг орлох байлдааны шинэ нисэх онгоцны хөдөлгүүрийг бүтээх ажлыг тус улсын Батлан хамгаалах яам Их Британи улстай хамтран нэгдүгээр сард эхлүүлэхээр болжээ. 


Уг төсөлд Их Британийн талаас “Rolls-Royce” компани, Японы талаас нисэх онгоц үйлдвэрлэгч “IHI” корпорац оролцоно. Японы Засгийн газар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд төслийн зардал багасаж, түншүүдэд нь байгаа технологиос шалтгаалан хөдөлгүүр бүтээх үйл явц өөрөө хурдацтай явагдана гэж найдаж байна.


Японы батлан хамгаалах салбарын ирэх оны төсвийн төсөлд байлдааны шинэ нисэх онгоцны хөдөлгүүр бүтээхэд 85 тэрбум иен (750 сая ам.доллар) зарцуулахаар тусгажээ.


"Mitsubishi Heavy Industries" компанийн бүтээсэн сөнөөгч-бөмбөгдөгч "F-2" онгоц нь Америкийн сөнөөгч-бөмбөгдөгч "F-16" онгоцны шинэчлэн сайжруулсан хувилбар бөгөөд 2000 онд Японы Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд хүлээн авчээ. “Mitsubishi Heavy Industries”, “Lockheed Martin” компаниудын хамтын ажиллагааны хүрээнд "F-2" загварын нийт 98 нисэх онгоц үйлдвэрлэсэн байна.


2030-аад оны үед "F-2"-ыг орлох ёстой байлдааны шинэ нисэх онгоцыг “Mitsubishi Heavy Industries” компани бүтээх юм. Тус компанид Америкийн “Lockheed Martin” компани техникийн туслалцаа үзүүлнэ. Шинэ нисэх онгоцны үйлдвэрлэлийг 2031 онд эхлүүлэх төлөвтэй байгаа бөгөөд 2035 онд зэвсэглэлд хүлээн авч магадгүй байна. Төслийн нийт өртөг нь урьдчилсан тооцоогоор 1.5 их наяд иен (14 тэрбум ам.доллар) болжээ.


Холбоотой мэдээ