Токио Бээжинд эсэргүүцлээ илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-17 11:49:45

ТОКИО. /Kyodo/. БНХАУ-ын тэнгисийн цагдаагийн эргүүлийн дөрвөн хөлөг онгоц энэ сарын 16-ны өдөр Зүүн Хятадын тэнгист орших Сенкаку /Дяоюйдао/ арлуудын бүсэд нэвтэрсэнтэй холбогдуулан Японы Засгийн газар тус улсын эрх баригчдад эсэргүүцэл илэрхийлжээ.


Энэ тухай Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацуно Хироказу өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Уг бүс нутгийг Япон улс өөрийн газар нутаг хэмээн тооцдог билээ. "Хятадын хөлөг онгоцууд манай улсын усан нутаг дэвсгэрт нэвтэрсэн нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна. Үүнтэй холбогдуулан бид дипломат шугамаар эсэргүүцлээ илэрхийлсэн" гэж Мацуно мэдэгдэв. “Бид цаашид Сенкаку арлуудыг хянахад шаардлагатай хүчин чармайлт тавьж, энэ асуудлаар Хятадын эрх баригчидтай тайван, тууштай хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Токио хотын эрх баригчид Сенкаку бүлэг арлын тавыг нь хувийн эзэмшигчдээс худалдан авснаа 2012 оны есдүгээр сард мэдэгдсэний дараа уг арлыг тойрсон газар нутгийн маргаан хурцдаж, БНХАУ-д Японы эсрэг томоохон жагсаал цуглаан болсон билээ. Үүнээс хойш Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлуудын ойролцоо байнга үзэгдэж, сүр хүчээ харуулах зорилгоор эргийн бүс рүү үе үе нэвтэрдэг болсон байна.


Холбоотой мэдээ