Бизнес эрхлэх зөвшөөрлийг “Онлайн төв”-өөр олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-08 17:00:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Улаанбаатар хотын дижитал шилжилтийн төлөвлөгөөг танилцуулав. Энд 27 үйл ажиллагаа бүхий 5 зорилт дэвшүүлэн тавьсан “Нэг тархи-нэгдсэн систем” төсөл хэрэгжүүлж байна. Үүнд дижитал хэлбэрээр:

  • Замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг сааруулах, төвлөрлийг багасгах, хяналтыг сайжруулах,
  • Нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгох, авлига хүнд суртлыг бууруулах, бизнес орчинг сайжруулах,
  • Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн хариуцлага, дижитал соёлыг дээшлүүлэх,
  • Нийслэлийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, бүтээн байгуулалтын ажлыг мөн ил тод, нээлттэй гүйцэтгэхэд технологийн шийдлийг нэвтрүүлэх,
  • Иргэдийн тав тухтай эрүүл, аюулгүй орчинг нэмэгдүүлэхээр тусгажээ.

“Нэг тархи-нэгдсэн систем” төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг “Онлайн бизнес төв”-өөр эхлэх гэж байна. Ийм төвөөр дамжуулан бизнес эрхлэх зөвшөөрлийг олгох аж. 



Бизнес эрхлэх зөвшөөрлийг олгохдоо иргэдээс галын дүгнэлт, мэргэжлийн хяналтын бичиг гэсэн 2 төрлийн бичиг баримт л шаардаж, бүрдүүлсэн тохиолдолд цахим хэлбэрээр хүсэлтээ илгээн, бизнес эрхлэх тусгай зөвшөөрлөө авна.






Нийслэлд нутгийн захиргааны 42 байгууллага 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үүнээс үйл ажиллагааны эрх олгох чиглэлээр нийт 97 үйлчилгээ бий. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас эхний ээлжид дүүргүүдээс үзүүлдэг хамгийн өндөр эрэлттэй үйлчилгээ болох иргэн, ААН, байгууллагад худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 нэр төрлийн үйлчилгээг цахимаар олгохоор төлөвлөжээ.



Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Өнөөдөр танилцуулж буй төсөл нь нийслэлд үйл ажиллагаа эрхлэхэд авдаг тусгай зөвшөөрлийг хүнд сурталгүй, цахим хэлбэрээр олгох зорилготой. Гагцхүү иргэдээс хоёр төрлийн бичиг баримт л шаардана. Тодруулбал, галын дүгнэлт, мэргэжлийн хяналтын бичгийг бүрдүүлсэн тохиолдолд цахим хэлбэрээр хүсэлтээ илгээн, тусгай зөвшөөрлөө авна” гэв.

“Онлайн бизнес төв” төсөл бүрэн хэрэгжсэнээр ирэх оны 1 дүгээр сараас эхлэн иргэд, ААН, байгууллагууд Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран 100 хувь цахимаар авах боломжтой болох аж. 






Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ