Германд коронавирусний улмаас өдөрт нас барсан хүний тоо 500 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-12-08 16:22:40

БЕРЛИН. /TASS/. Германд өнгөрсөн хоногт коронавирусний халдвар авсны улмаас нас барсан өвчтөнүүдийн тоо хоёрдугаар сараас хойш анх удаа 500 давж, 527 болсон тухай Роберт Кохын нэрэмжит Вирус судлалын хүрээлэн мэдээлжээ.  


Цар тахал дэгдсэнээс хойш халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 104 047-д хүрчээ. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 69 601 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 6 291 621 болсон бол 5 225 700 хүн эдгэрсэн байна.


Германд 100 мянган хүн тутамд бүртгэгдсэн халдварын тохиолдлын долоо хоногийн үзүүлэлт бага зэрэг буурч, 427.0 болжээ. Долоо хоногийн хугацаанд 100 мянган хүн тутамд ногдох эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 5.45 болсон байна.


Энэ сарын 2-нд Германы эрх баригчид вакцин хийлгээгүй иргэдийг эмийн сан, супермаркетаас бусад жижиглэн худалдааны дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжийг хязгаарлахаар тохиролцсон байна. Өмнө нь тус улсын бүх бүс нутагт вакцинд хамрагдаагүй хүмүүсийг баар, зоогийн газруудаар үйлчлүүлэхийг хоригложээ.


Үүний зэрэгцээ эрх баригчид сургуулиудыг хаахгүй, харин боловсролын байгууллагуудад амны хаалт зүүх журмыг чангатгахаар болсон байна. Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийг 30 хувиар дүүргэж, соёлын үйл ажиллагаанд дээд тал нь 5 мянган хүн оролцохыг зөвшөөрчээ. 

Холбоотой мэдээ