Өмнөд Африкт “COVID-19”-ийн дөрөв дэх давлагаа дэгджээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-04 12:27:26

ПРЕТОРИА. /Reuters/. Өмнөд Африкт коронавирусний шинэ “омикрон” хувилбарын улмаас “COVID-19”-ийн дөрөв дэх давлагаа дэгдээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Жо Фахла баасан гарагт мэдэгджээ. Шинэ хувилбар Өмнөд Африкийн есөн мужийн долоод нь илрээд байна.


Дэлхий дахинд халдварын тархалт дахин нэмэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд буй “омикрон” хувилбар нь өнгөрсөн сард Африкийн өмнөд хэсэгт анх илэрсэнтэй холбоотойгоор олон орны Засгийн газар зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоож, халдвар хамгааллын дэглэмийг чангатгаад байгаа юм.


Ж.Фахлагийн хувьд шинэ хувилбарын тархалтыг олон хүний амь насыг эрсдүүлэхгүйгээр хяналтад авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, вакцинд бүрэн хамрагдахыг ард иргэддээ уриалжээ. Мөн зул сарын баярын үеэр хатуу хөл хорио тогтоохгүйгээр дөрөв дэх давлагааг даван гарах боломжтой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Өмнөд Африкийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд шинэ хувилбарыг 11 дүгээр сард илрүүлснийхээ дараа дэлхий дахинд анх анхааруулсан юм. Тус улсад 10 хоногийн өмнө өдөрт халдварын 300 тохиолдол илэрч байсан бол сүүлийн 24 цагийн хугацаанд 11535 тохиолдол илэрсэн байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд “омикрон”-ыг “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулаад байгаа бөгөөд судлаачид шинэ хувилбар хэр хурдан халдварладаг, хүндээр өвчлүүлдэг эсэхийг нь тогтоохоор холбогдох судалгааг үргэлжлүүлэн хийж байна. 

Холбоотой мэдээ