“Учиртай гурван толгой” дуурийг 10 жилийн дараа дахин тайзнаа тавина

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-03 13:38:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын өвөл цагийн үзвэрийн нээлтийн үйл ажиллагааны тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна.

Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.Отгонбаатар:

“Манай хамт олон өвөл цагийн нээлтийн тоглолтуудаа хийхдээ хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө чамгүй зарцууллаа. Коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан амаргүй үед тоглолтуудын бэлтгэлээ базаалаа. Бид Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга хэмээх нэрийн дор ажил үүргээ гүйцэтгэдэг. Ардын гэх тодотголтой уран бүтээлээ 55 жил тасралтгүй үргэлжлүүлэн олон нийтэд сурталчлан түгээж, ирээдүй хойч үедээ зааж сурган өвлүүлэн үлдээх ажлыг хийсээр ирлээ. Энэ удаагийн тоглолт үзэгчдийн хүсэл хэрэгцээнд нийцүүлэн ардын урлагаа орчин цагийн хэв маягтай хослуулан тайзнаа тавьж буйгаараа онцлогтой юм. Өөрөөр хэлбэл иргэд хөдөлмөрчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ардын бүжиг, дуу, хөгжмийг орчин цагийн хэмнэлд нийцүүлэн баяжуулж, олон нийтэд хүргэж байгаа нь өнөөдөр толилуулах “Зулай мөнгөн Алтайн зуун дамжсан аялгуу” тоглолтын онцлог нь юм” гэлээ.  

Түүнчлэн өвөл цагийн үзвэрийн нээлтийг зөвхөн шинэ уран бүтээлийн тоглолтоос гадна “Алтан хөрш” хүүхдийн жүжгийг багачууддаа өргөн барьж байгаа аж. Мөн “Учиртай гурван толгой” дуурийг 10 жилийн дараа дахин чуулгын тайзнаа тавьж байгаараа ихээхэн онцлогтой. “Учиртай гурван толгой” дуурь 2011 онд Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын тайзнаас үзэгчдийн хүртээл болж байсан бол ийнхүү 10 жилийн дараа тодруулбал, 12 дугаар сарын 6-нд Алтайчуудын хүртээл болох ажээ. Энэхүү дуурийг тайзнаа тавихын тулд Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нарыг урин бэлтгэлээ ханган базаасан тухай мөн онцлон хэлж байлаа.

Өвөл цагийн нээлтийн тоглолтод тус чуулгын 45 уран бүтээлч мөн Улаанбаатар хот, Ховд аймгаас уран бүтээлчдийг урин оролцуулж байгаа бөгөөд тоглолтдоо зориулж 80 гаруй хувцсыг шинээр хийлгэн Алтайчуудынхаа сонорыг мялаахаар бэлэн болжээ. Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын уран бүтээлчид шинэ тоглолтдоо дуулагдах урын сангийнхаа дээжсээс мэндчилгээ дэвшүүллээ.


Холбоотой мэдээ