ГХЯ: Монгол охиныг хүчирхийлсэн дөрвөн солонгос хүүхдийн хоёрыг нь шийтгэсэн

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-02 14:27:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол охиныг үе тэнгийнх нь солонгос хүүхдүүд зургаан цагийн турш хүчирхийлсэн гэх хэргийн мөрөөр ГХЯ-наас БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын хэлтсийн дарга Ким Янг Жунтай өнөөдөр холбогдож дараах тодруулгыг авчээ. 


Долоодугаар сарын 3-нд гарсан тус хэргийг цагдаагийн байгууллага 4-нд бүртгэж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар сэжигтэн дөрвөн хүүхдийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй тул 10 дугаар сарын 1-нд хэргийг нь хаасан. Харин хоёр хүүхдийг нь хэрэгт холбогдуулж прокурорт шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд охиныг зодсон хоёр охин нь хэрэг хүлээх насанд хүрээгүй шалтгаанаар ял шийтгэл аваагүй. Харин хэрэг хүлээх насанд хүрсэн хоёр хүүхдийг улсын тусгаарлалтад тодорхой хугацаанд байлгахаар болсон байна. Харин охины ар гэрийнхэн давж заалдах шүүхэд хандахаа мэдэгджээ.


Хэргийн мөрөөр ГХЯ-наас бүхий л шатанд анхаарч, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн ар гэрийнхэнтэй нь холбогдоход, асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа тул болгоомжтой хандахыг хүссэн гэдгийг ГХЯ-наас мэдээлэв. 


Ташрамд дурдахад, энэ сарын 1-ний 20.00 цагаас БНСУ-ын MBC агентлагийн телевизийн сувгаар Монгол Улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) үе тэнгийн нь хүүхдүүд зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай мэдээлэл гарсан юм.

Холбоотой мэдээ