Японд вакцины хоёр, гурав дахь тун хоорондын хугацааг богиносгож магадгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-12-02 13:34:56

ТОКИО. /Kyodo/. Японы эрх баригчид “омикрон” хувилбар илэрсэнтэй холбогдуулан коронавирусний вакцины хоёр ба нэмэлт гурав дахь тун хоорондын хугацааг богиносгож магадгүй тухай тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв.


“Гуравдугаар тунгаар дархлаажуулах тухайд бид энэ үйл явцыг хурдасгах боломжийг судална” гэж тэрбээр хэллээ. Японы Эрүүл мэндийн яамны шаардлагын дагуу хоёр, гурав дахь тунгийн хоорондох хугацаа одоо найман сар байгаа юм. Гэсэн хэдий ч одоо байгаа вакцинуудын үр нөлөө 5-6 сарын дараа шинэ хувилбарын эсрэг буурч болзошгүй тул зарим мэргэжилтнүүд энэ хугацааг богиносгох шаардлагатай гэж үзэж байна.


Японд энэ сарын 1-нээс “Pfizer”, “BioNTech” компаниудын вакцинаар нэмэлт тунг тарьж эхэлжээ. Эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудыг гуравдугаар тунд хамруулах бөгөөд ирэх нэгдүгээр сард 2 сая гаруй ажилтан хамрагдаж, 65-аас дээш насныхныг мөн дархлаажуулж эхлэх төлөвтэй байна.


Японд коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалт хоёрдугаар сарын дундуур эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар тус улсын хүн амын 78.8 хувь нь буюу 99.7 сая хүн хоёр тунд бүрэн хамрагджээ. 

Холбоотой мэдээ